Шилдгийн шилдэг багшийг нэг өрөө байраар шагнав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-10-02 21:44:05
Дорноговь /МОНЦАМЭ/.Энэ сарын 01-нд Дорноговь аймгийн Нутгийн зөвлөл ивээн тэтгэж, аймгийн ЗДТГ болон Боловсрол, Соёл урлагийн газар хамтран дэлхийн Багш нарын өдөр, Монголын багш нарын баярыг тохиолдуулан шилдэгийн шилдэг багш, хамт олныг шалгаруулах “Алтанзул” наадмыг хоёр дахь удаагаа зохион байгууллаа.
Шилдгийн шилдэг цэцэрлэгийн багшаар Сайншанд сумын дөрөвдүгээр цэцэрлэгийн багш н.Үдэлмаа, шилдэг бага ангийн багшаар Сайншанд сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн  бага ангийн багш У.Баярмаа, дунд, ахлах ангийн шилдэг багшаар Сайншанд сумын  ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн багш Б.Мөнхбат, соёл урлаг, спортын шилдэг багшаар уран нугаралтын багш Б.Чулуунцэцэг,  мэргэжлийн сургуулийн шилдэг багшаар Дорноговь аймгийн МСҮТ-ийн тогоочийн ангийн багш, Монгол Улсын мастер тогооч Д.Солонгонтуяа нар шалгарч 1.5  сая төгрөгөөр тус тус шагнуулав.
Харин 2016-аас 2017 оны хичээлийн жилд Дорноговь аймгийн хүүхдэд ээлтэй, хүнлэг, шилдгийн шилдэг багш шалгаруулах номинацид эцэг эхчүүд, аймгийн хэмжээний ес, арванхоёрдугаар ангийн сурагчдын санал асуулгаар Сайншанд сумын ерөнхий боловсролын сургуулийн газар зүйн багш н.Бадамсайхан хамгийн  өндөр үнэлгээ авч 1.5 сая төгрөгөөр  шагнуулав.
Хүүхэд бүрийг бадраагч, шилдэг баг, хамт олон номинацийн эзнээр Замын-Үүд сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн  хамт олон шалгарч “Алтанзул” номинацын эзэн болж 5.000.000 төгрөг гардлаа.
Замын-Үүдийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль нь Монгол Улсын боловсролын шинэчлэлийн цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд шилдэг туршлагыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлсэн, түүхт 60 жилийн ойдоо бүтээлч ажлаар бэлэг барьсан, "Монголын сайхан бичигтэн" улсын уралдааны тэргүүн байр хүртсэн, сэтгэх чадварын улсын аварга сурагч төрүүлсэн, "Хүрэл тулга" улсын уралдааны мөнгөн медаль, Гандболын улсын аварга баг тамирчид төрүүлсэн, шилдэг дасгалжуулагч цолыг жил дараалан хүртсэн, Замын-Үүдийн математикийн цуврал олимпиадад амжилт гаргасан, бокс, кудо, чөлөөт бөхийн улсын аварга, мөнгө, хүрэл медальтнуудыг төрүүлсэн гээд олон бүтээлч  ажлын үр дүнд дээрх шагналыг хүртжээ.
"Алтан зул" наадмын төгсгөлд шилдгийн шилдэг багшаар Замын-Үүд сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн бүжгийн багш Ч.Очгэрэл шалгарч нэг өрөө байраар шагнасныг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан гардууллаа.
Тэрээр Замын-Үүд суманд бүжгийн багшаар 20 гаруй жил ажиллахдаа олон арван шавь бэлтгэж,  уралдаан тэмцээнд амжилттай оролцож удаа дараа шалгарч амжилт үзүүлж байснаас гадна бүжгийн урлагийг хөгжүүлэх, залуу хойч үед бүжгийн урлагийг өвлүүлэх, зааж сургах, улсын хэмжээний шилдэг бүжигчдийг төрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулжээ.
Ч.Очгэрэл багшийн шавь нар улсын үндэсний урлагийн байгууллагууд, томоохон театруудад амжилттай ажиллаж буйгаас гадна Итали, Англи, Америк зэрэг улсад бүжгийн мэргэжлээр ажиллаж улс эх орноо сурталчилж  байгаа юм. Тэрээр  20 жилийн өмнө бүжигчин байсан бөгөөд Замын-Үүдийн сургуульд уригдаж өдийг хүртэл багшилж буй.
"Алтанзул" наадмын шилдгүүдийг шалгаруулахдаа баг, сум, аймгийн хэмжээний шилдгүүдийн тодорхойлолтод тулгуурлаж шалгаруулсан байна. Багш нарын хөдөлмөрийг үнэлэх, тэдэнд урам зориг өгөх, улмаар боловсролын салбарын чанарыг сайжруулах зорилгоор зохион байгуулсан "Алтан зул" наадмын шилдгүүдийн шагналыг  Дорноговь аймгийн  Нутгийн зөвлөл гаргажээ.
Х.Эрдэнэбулган
Related news