“Нөхөрлөл хөгжил -2017” наадам Чингис хотноо боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Ойн нөхөрлөлүүдийн “Нөхөрлөл хөгжил -2017” наадмыг энэ жил 6 дахь удаагаа Хэнтий аймгийн Засаг даргын ивээл дор Чингис хотноо зохион байгууллаа.
Тус арга хэмжээг БОАЖЯ, аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, The nature Concervancy олон улсын байгууллага, “Ой бүхий аймгуудийн биологийн олон янз байдлын хамгаалал, тогтвортой ойн менежмент, нүүрстөрөгчийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх” төсөл, “Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ” төсөл, Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй эмзэг голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төсөл, Даян Дэлхийн Байгаль орчны сангийн жижиг төслийн хөтөлбөр зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулснаараа онцлог болсон юм.
Тус арга хэмжээг БОАЖЯ, аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, The nature Concervancy олон улсын байгууллага, “Ой бүхий аймгуудийн биологийн олон янз байдлын хамгаалал, тогтвортой ойн менежмент, нүүрстөрөгчийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх” төсөл, “Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ” төсөл, Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй эмзэг голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төсөл, Даян Дэлхийн Байгаль орчны сангийн жижиг төслийн хөтөлбөр зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулснаараа онцлог болсон юм.
Энэхүү наадам нь байгаль хамгаалах иргэдийн нөхөрлөлүүдийн хариуцан хамгаалж буй газар нутгийн байгалийн нөөцийн менежментийг сайжруулах, нөөц баялгаа зүй зохистой ашиглах замаар амжиргаагаа дээшлүүлэх, нөхөрлөлийн гишүүд, нөхөрлөлийн холбоодын туршлага солилцох, нутгийн захиргаа, иргэд, нөхөрлөл, ААН-үүдийн хамтын ажиллагааг сайжруулах, Хэнтий аймгийн 2017 оны шилдэг нөхөрлөл холбоо, нөхөрлөлийн шилдэг бүтээгдэхүүнүүдийг шалгаруулан олон нийтэд сурталчлах, ногоон хөгжлийн төлөө дэмжигч талуудтай хамтдаа гар гараасаа барилцан дэвшин дээшлэх зорилготой байлаа.

Наадамд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Булган, Ховд, Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудаас нийт 60 гаруй нөхөрлөлийн төлөөлөл хүрэлцэн ирж оролцжээ. Наадмын хүрээнд нөхөрлөлүүдийн үзэсгэлэн худалдаа, “Дэвжээ” тэмцээн, нөхөрлөлүүдийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудын талаарх “Нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежмент: Асуудал-Шийдэл” хэлэлцүүлэг” зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулж, дээд шатны байгууллагуудад хүргүүлэх санал, зөвлөмж гаргав. Тус зөвлөмжид “Ой, ус, амьтан, бэлчээр зэрэг байгалийн баялгийг ашиглах хүрээнд нөхөрлөлийн эзэмшлийн талбайтай хамааралтай гаргаж байгаа ойн анги болон төрийн байгууллагуудын шийдвэр тухайн нөхөрлөлийн гишүүдтэй зөвшилцөж гардаг болох, нөхөрлөлд ажиллаж байгаа идэвхтэн байгаль хамгаалагчийн эрх хэмжээг нэмэгдүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүнийг зах зээлд зохион байгуулалттайгаар нийлүүлдэг болгох, аливаа нөөцийн судалгааг хийхдээ нөхөрлөлийн гишүүдийн оролцоог хангах” зэрэг олон асуудлыг тусгалаа.
Хоёр өдрийн турш амжилттай зохион байгуулагдсан “Нөхөрлөл хөгжил -2017” наадмын “Шилдэг нөхөрлөлийн холбоо”-гоор Хэнтий аймгийн Батширээт сумын Нөхөрлөлийн холбоо, “Шилдэг нөхөрлөл”-өөр Өмнөдэлгэр сумын “Баруун жаргалант” нөхөрлөл, Батширээт сумын “Хамтын хүч” нөхөрлөл, Биндэр сумын “Цагаан нуга” нөхөрлөл тус тус шалгарч, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа.

Тус наадмын “Шилдэг бүтээгдэхүүн”-ээр сүү цагаан идээний төрөлд 1-р байрыг Баян-Адрага сумын “Шинэст-Онон” нөхөрлөлийн Бяслаган салат, 2-р байрыг Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын сүүн чихэр, жимс жимсгэнэ, Зөгийн балны төрөлд 1-р байрыг Батширээт сумын “Хамтын хүч” нөхөрлөлийн улаалзганы дарс, 2-р байрыг Биндэр сумын “Дэлгэр-Онон” нөхөрлөлийн Зөгийн бал, Гар урлалын төрөлд 1-р байрыг Дадал сумын “Цагаан булаг” нөхөрлөлийн модон ваар болон тариан түрүү, 2-р байрыг Норовлин сумын “Хамтын хүч” нөхөрлөлийн модон түлхүүрийн зүүлт, хүзүүний зүүлт, Модон эдлэлийн төрөлд 1-р байрыг Өмнөдэлгэр сумын “Сайхан өндөр” нөхөрлөлийн модон сандал ширээ, 2-р байрыг Дадал сумын “Баян цагаан” нөхөрлөлийн модон эдлэлүүд /үйсэн сав/, ноос ноолуур, Арьс ширэн эдлэлийн төрөлд 1-р байрыг Норовлин сумын “Энгэр булаг” нөхөрлөлийн эсгий эдлэл, 2-р байрыг Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Эмэгтэйчүүдийн бүлгийн оёмол бүтээгдэхүүнүүд тус тус шалгарч, шагналаа гардан авсан юм.
Наадмын үеэр ойн нөхөрлөлүүдэд барьсан нэгэн бэлэг нь байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл үүсч байгуулагдсаны 10 жилийн ойд зориулан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, “Хэнтийн мэдээ” сонины редакцтай хамтран бүтээсэн “НОГООН ХӨГЖЛИЙН ЗАМ НӨХӨРЛӨЛ” сэтгүүлийн анхны дугаар байсан юм. Тус сэтгүүлд байгаль орчны салбарын төрийн болон төрийн бус байгууллага, төсөл хөтөлбөрүүдийн танилцуулга, мэндчилгээ, ойн анги, нөхөрлөлүүдийн холбоо, ойн болон байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн танилцуулга, тэдний өнгөрсөн хугацаанд гаргасан амжилт бүтээл зэрэг олон талт мэдээ мэдээллийг багтааснаараа онцлог болжээ.
Д.Одонтунгалаг