Мөрөнчүүд Чингис хотын төмс, хүнсний ногооны хэрэгцээний 50 хувийг хангаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-09-15 14:46:58
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Мөрөн сумын 130 гаруй өрх төмс хүнсний ногоог 60,0 га-д тариалан Чингис хотын төмс, хүнсний ногооны хэрэгцээний 50%-ийг ханган нийлүүлж байна.

Цаашид тэд 70-80%-д хүргэх зорилт тавин ажиллаж байгаа юм. Мөрөнчүүд 1944 оноос одоог хүртэл 73 жилийн хугацаанд гар ажиллагаагаар төмс, хүнсний ногоо тариалж ирсэн түүхтэй. “Мөрөнгийн цагаан сармис” хэрэглэгчдийн талархлыг хүртсэн нутгийн брэнд бүтээгдэхүүн гэгддэг.

Тус сум 2014 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Намрын ногоон өдөр”-үүд арга хэмжээнээс “Улсын шилдэг тариаланч” сумаар шалгарч байжээ. Мөн Б.Ганхүү, Х.Ариунтөгс, Я.Нэргүй нар сүүлийн 3 жил дараалан Хэнтий аймгийн аварга ногоочноор шалгарсан амжилттай байна.

Сумын удирдлагууд нь “Өрх бүр ногоон үйлдвэрлэгч” аяны нээлтийг энэ жил хийж, арга хэмжээнд 123 төмс, хүнсний ногоо тариалагч өрхийн үйлвэрлэгчид оролцон, Хэнтий аймгийн ногоон хөгжилд суурилсан тогтвортой хөгжлийн бодлого, газар тариалангийн зорилт хэтийн төлөв, тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцсэн байна.

Мөн сумын хэмжээнд хүлэмжийн аж ахуйн үйл ажиллагааг эрхлэн 216 м2 бүхий 5 хүлэмжийг нэг цэгт байгуулан 3 хоршоо, 2 бүлэг нийт 30 гаруй өрхийг хамруулан тариалалт хийгээд байгаа аж. "Хэнтий аймаг дахь газар тариалангийн салбарын иргэний нийгэм, орон нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх төсөл"-тэй хамтран таван удаагийн сургалтад ногоочдыг хамруулаад байгаа талаар тус сумын Засаг дарга Ц.Батцоож яриандаа дурдлаа.
Д.Одонтунгалаг
 
Related news