ЕЭЗХ болон Монгол Улс 2018 онд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2017-09-07 08:00:18
ВЛАДИВОСТОК. /TASS/. Евразийн эдийн засгийн холбоо /ЕЭЗХ/ болон Монгол Улсын хооронд чөлөөт худалдааны бүс байгуулах хэлэлцээрийг 2018 онд эцэслэн байгуулна гэж Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн III чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Байгалийн нөөцийн сайд Сергей Донской сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө хэллээ.
 
Орос-Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны засгийн газар хоорондын комиссыг С.Донской хамтран даргалдаг юм.
 
Тэрбээр хэлэхдээ “Бид ирэх онд энэ хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөж байна” гэв.

Тэрбээр цааш нь ярихдаа “Орон нутаг хоорондын болон хил дамнасан худалдаа бол эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх үндсэн чиглэл юм. Манай хоёр улсын худалдааны эргэлтийн өсөлтийн 70 хувь нь хөрш зэргэлдээ аймаг, мужууд хоорондын худалдаа өссөнтэй холбоотой. Тиймээс чөлөөт худалдааны бүс байгуулах асуудлыг хэлэлцэж байна. Эцсийн шийд хараахан гараагүй байна ” гэлээ.
 
Визгүй болсон, жуулчдын тоо ба худалдааны өсөлт
 
ОХУ ба Монгол Улсын иргэд 2014 оны 11 дүгээр сараас харилцан визгүй зорчдог болсон нь хоёр талын эдийн засгийн интеграцийн хөгжилд ихээхэн чухал нөлөө үзүүлсэн гэж ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Эдийн засгийн сайд Зандра Сангадиев мэдэгдэв.
 
Түүний хэлснээр, 2016 онд Монголын 418 мянган жуулчин Буриадад очжээ. Энэ нь 2015 оныхоос 2.2 дахин өссөн үзүүлэлт юм.
 
Буриад болон Монголын гадаад худалдааны эргэлт 30 сая доллароос давжээ.

Өнгөрсөн онд экспортын хэмжээ 26 сая гаруй доллар, импорт 6 сая доллароор хэмжигдсэн гэж Буриадын Эдийн засгийн яам мэдэгдэв.
 
1999 онд ОХУ болон Монголын засгийн газруудын хооронд байгуулсан эдийн засаг ба хил дамнасан хамтын ажиллагааны талаарх хэлэлцээрийн дагуу Буриад болон Монгол эдийн засгийн салбарт хамтран ажиллаж байна.
Г.Доржханд
 
Related news