Байгаль хамгаалагч байгууллага шинэ унаатай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-08-28 18:42:45
Хэнтий /МОНЦАМЭ/. БОАЖЯ-ны харьяа  Дадал суманд байрлах Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа шинэ автомашинтай болжээ.

Тус хамт олон Германы Сэргээн босголтын банк, Монгол Улсын БОАЖЯ-тай хамтран хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл”-д шалгарч ийнхүү шинэ унаатай болсон байна. Нийт нэг тэрбум 256 сая төгрөгийн төсөвтэй уг төсөлд 32 тусгай хамгаалалттай газар төслөө бичиж өрсөлдсөнөөс 11 нь буюу зүүн бүсээс Онон балж, Дорнод Монголын тусгай хамгаалалттай газрын захиргаад тэнцсэн аж.

“Төслөөс өмнө нь байгаль хамгаалах хувцас, гал командын машин зэргийг өгч байсан бол өнөөдөр ТОЁОТА 76 маркийн шинэ автомашиныг бэлэглэж, байгаль хамгаалах ажилд том дэмжлэг үзүүллээ” хэмээн Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга О.Цэндгомбо ярьлаа.

Хэнтий аймгийн Дадал, Биндэр, Норовлин, Баян-Адрага, Дорнод аймгийн Баян-Уул сумдын нутгийг хамарсан байгалийн үзэсгэлэнт Онон-Балжийн БЦГ-ыг УИХ-ын 2000 оны 29 дүгээр тогтоолоор байгуулжээ.

Азийн олон зүйл усны амьтантай гол нутгуудын нэг болохын хувьд биологийн төрөл зүйл, тэдний удмын санг хамгаалах, өсгөн үржүүлэх, байгаль, түүхийн дурсгалт газруудыг түшиглэн зохион байгуулалттай, хариуцлагатай аялал жуулчлал хөгжүүлэх зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан түүхтэй.

415 мянган га газар нутгийг хамгаалдаг Онон-Балжийн БЦГ-ын захиргаанд 21 хүн ажилладаг бөгөөд тэд өнгөрсөн жил байгууллагынхаа эргэн тойрныг байгалиар нь ширэнгэн ой мэт тохижуулж, хаалга хашлага, хаягнаасаа эхлэн “эко байгууллага” болжээ. 
Д.Одонтунгалаг
Related news