Зүүн бүсийн мэргэжлийн боловсролын байгууллагууд зөвлөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-08-22 12:56:07
Хэнтий /МОНЦАМЭ/. Европын холбооны ТМБССДТ-1 төслийн санхүүжилтээр Хэнтий аймгийн Чингис хотноо зүүн бүсийн мэргэжлийн боловсролын сургуулийн удирдах зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо /АОЭНХ/-дын хамтарсан тус сургалтад Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн таван МСҮТ-ийн удирдах зөвлөлийн 30 гаруй гишүүд хамрагдсан байна.

“Энэхүү сургалт нь МСҮТ-д суралцаж буй суралцагч нь ажил олгогчийн захиалгаар сургуульд элсэж байгаа эсэх, шаардлагатай ур чадварыг эзэмшиж чадаж байгаа эсэх, төгсөөд ажлын байраар хангагдаж чадах үгүйг удирдах зөвлөл хэрхэн чиглүүлж ажиллах талаар чадавхжуулах гол зорилготой” хэмээн Монголын АОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар ярилаа.

Мөн АОЭНХ-оос хөдөлмөрийн чадварын эрхзүйн орчныг шинэчлэх хүрээнд мэргэжлийн боловсролын сургалтад нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа бөгөөд дээрх сургалтад оролцогчдоор хэлэлцүүлж, ирэх есдүгээр сард Засгийн газарт өргөн барьж, цаашлаад УИХ-ын намрын чуулганаар батлуулахаар төлөвлөжээ.

Судалгаагаар үндэсний хэмжээнд их сургууль төгсөгчдийн 30%, МСҮТ-ийг төгсөгчдийн 60% орчим нь ажлын байраар хангагддаг байна. Тиймээс эрэлттэй мэргэжил, ур чадвартай боловсон хүчин бэлтгэхэд энэхүү сургалт өндөр ач холбогдолтой юм.
 
  Д.Одонтунгалаг
Related news