Л.Шаравням: Монголдоо 100 давхар барилга барихыг хүсдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-08-21 21:20:17
Хэнтий /МОНЦАМЭ/. “Ажлын сайнаар амьдрал өөдөлнө, бэлчээрийн сайнаар мал таргална” гэсэн эртний сайхан үг бий. Энэ ч утгаараа ажилсаг хүний амьдрал жилийн дөрвөн улиралд мөнх ногооноороо байдаг мод адил цаг ямагт өөдлөн дэвждэг. Бидний амьдарч буй цаг үед хөлс дуслуулсан уйгагүй хичээл зүтгэл, хүчээ шавхсан цөхрөлтгүй хөдөлмөрийнхөө хүчээр амжилтыг мөрөөдөж биш бүтээж яваа эрхмүүд  олон. Тэдний нэг нь Хэнтий аймгийн Баянмөнх нутгийн унаган хүү, “Хос бар” ХХК-ийн захирал Тайван овогт Лувсангийн Шаравням юм. Чингис хотын бэлэг тэмдэг, “Хос бар” ХХК-ийн Хэнтий нутаг дахь нэрийн хуудас болсон “Чингис цамхаг” хэмээх томоохон бүтээн байгуулалт нь 2016 онд Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн “Хаан шонхор” анхдугаар ёслолын “Оны шилдэг төсөл”-өөр шалгарч байсан удаатай. Амьдралынхаа бүхий л цаг мөчид зорилгодоо үнэнч байж, түүнийхээ төлөө зогсолтгүй хөдөлмөрлөж яваа түүнийг урьж, халуун яриа өрнүүллээ. Үг бүрээс нь үнэ цэнэ үнэртэх энэ хүний ярианаас нутгаа гэсэн чин сэтгэл, нугараагүй зорилго тэмүүлэл ханхалж байсныг хэлэх юун. 
 
Таныг Хэнтийчүүд нэрээр тань, хийсэн бүтээснээр тань сайн мэддэг боловч хувь хүн талаас тань төдийлөн сайн мэддэггүй байх. Өөрийгөө товч танилцуулна уу?
-Юун түрүүнд Хэнтий нутгаар овоглосон түмэн олондоо нартай хуртай налгар намар цагийн мэндийг хүргэе. Би Хэнтий аймгийн Баянмөнх суманд төрж өссөн. Аавыг маань Тайван овогт Лувсан гэдэг. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул, Цэргийн заан цолтой хүн байлаа. Мөнх-Оргил нэгдэл гэж байх үед жолоочоор ажиллаж байсан. Харин ээж маань Баянмөнх сумын уугуул Буянтын Жамъяансүрэн гэж  сувилагч, эх баригч  мэргэжилтэй хүн байлаа. Ээж маань Баянмөнх сумын Хүн эмнэлэгт насаараа сувилагч, эх баригчаар ажиллаж, 300 гаруй хүүхэд эх барьж авсан буянтан байсан даа. Бид эцэг эхээсээ 11-үүлээ. Миний хувьд Баянмөнх сумынхаа 8 жилийн дунд сургууль, Өндөрхаан хотын 10 жилийн сургуулийг дүүргэж, Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийн хэлний бэлтгэлийг төгссөн. Дараа нь Новосибирскийн Барилгын инженерийн дээд сургуулийг дүүргэж, ажил амьдралын гараагаа эхэлж байлаа.   
- Нутгаараа хамгийн сүүлд хэзээ очсон бэ? Нутгийнхаа хөгжилд таны оролцоо?
- Би ер нь нутгаараа байнга очдог. Сум орон нутгийнхаа үйл ажиллагаанд чадлынхаа хэрээр оролцож, боломжоороо дэмжиж байхыг хичээдэг. Баянмөнх суманд маань шинээр спорт заалтай сургууль ашиглалтад ороход хувиасаа 10 сая төгрөгийн үнэ бүхий чөлөөт бөхийн дэвжээг авч өгч байсан. Мөн хүн эмнэлгийн үе үеийн сувилагч, эх баригч нарын гэгээн дурсгалд зориулж, тэдний төлөөлөл болсон  ээжийнхээ 3 метрийн өндөртэй боржин хөшөөг барьж, сумынхаа Эрүүл мэндийн төвийн хашаанд заллаа. Энэ хавар орон даяар өрнөсөн мод тарих хөдөлгөөнд нэгдэж, сумандаа 200 гаруй модны суулгацыг бэлэглээд байна. Далайд дусал нэмэр гэдэг шүү дээ. Хүн болгон өөрийнхөө чадах зүйлээр орон нутгийнхаа хөгжилд оролцож байх нь чухал юм.   
- Та хэзээнээс бизнесийн салбар тэр дундаа барилгын салбарт хүч үзэх болсон бэ?
-Барилгын сургууль төгсөж, мэргэжил эзэмшсэнээсээ хойш энэ салбарт 32 жил ажиллаж байна. Үүний 17 жилийг  өөрийн  “Хос бар” ХХК-ийг  босгоход зориулсан.  Манай “Хос бар” ХХК-ийн хамт олон өнгөрсөн хугацаанд 2870 айлын орон сууц барьж, ашиглалтад оруулаад байна. Хамт олны минь амжилт манай “Хос бар” ХХК-ийн амжилтаар хэмжигдэх учраас бид энэ нэрийг үргэлж өргөж явахын төлөө хичээдэг.   
Компаниа яагаад “Хос бар” гэж нэрлэсэн нь сонирхолтой байна л даа?
-Аливаа байгууллагын нэр хаяг гэдэг маш чухал зүйл. Би өөрөө бар жилтэй хүн л дээ. Манай гэр бүлийн хүн мөн адил бар жилтэй. Энэ утгаараа би компаниа анх “Хос бар” гэж нэрлэсэн  түүхтэй. Энэ нэр маань ч ивээлээ өгч компани маань барилга угсралт, засал чимэглэлийн чиглэлээр  үйл ажиллагаагаа амжилттай явуулж ирсэн. Бидний үйл ажиллагаа өдөр ирэх бүр өргөжин тэлж, чанар бүтээмжээрээ олон нийтэд хэдий нь танигдсан компани болж чадсан байна.     
- Танай компани хэдэн хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна вэ? 
-Ажилчдын маань тоо хийж байгаа ажлаасаа шалтгаалан хэлбэлзэж байдаг. Том хэмжээний ажил авсан үед жилдээ 500 гаруй хүн ажиллуулах тохиолдол бий. Хэнтий аймгийнхаа төвд “Чингис цамхаг”-ийг барихад 120 монгол ажилчин, 86 солонгос ажилчин 1 жил 6 сарын хугацаанд ажиллаж, тус барилгыг ашиглалтад оруулсан байх жишээтэй.  Тийм болохоор ажилчдын маань тоо янз бүр л байдаг юм.
-Таны хувьд бизнесийн салбарт үсрэлт хийсэн он жил хэзээнээс эхэлсэн бэ?
-Аливаа бизнес улсынхаа эдийн засгийн өсөлт бууралтаас шалтгаалан ашиг орлого, үйл ажиллагаа нь хэлбэлзэж байдаг. Манай улсад барилгын салбар 1990 он гарсаар уналтад орж, зогсонги байдалд орсон байсан. Бараг 15 жилийн хугацаанд зогсоо байдалтай байсан энэ салбар 2007 оноос шинээр хөгжиж эхэлсэн гэж хэлж болно. Энэ үеэс манай компани үсрэлт хийж, өргөжин хөгжиж эхэлсэн дээ.
- Бизнесийн ертөнцөд тодорхой  амжилт гаргахад таны давуу тал юу байсан бэ?
-Мэдлэг, туршлага,  гэр бүл, хамт олон
-Амьдралын өмнө бууж өгөх, мухардах үе танд байсан уу?
-1990-ээд оны үед би барилгын ослоос болж хүзүүгээ хугалан, бие маань ямар ч мэдээгүй болсон. Хэвтэрт орж, нүүрэн дээрээ суусан ялааг ч  үргээх чадалгүй тийм хүнд үе амьдралд минь тулгарч байсан удаатай. Харин тэр үед би амьдралд бууж өгөхийг огтхон ч хүсээгүй. Хэвтэрт байх хугацаандаа хувийн компаниа байгуулж, хэрхэн ажиллах талаар бодож, төлөвлөдөг байлаа. Хөл дээрээ босно, зорилгоо биелүүлнэ гэсэн бодол л толгойд эргэлддэг байсан. Хүн сэтгэлээ чангалж, зорилгодоо үнэнч байхад ямар ч бэрхшээлийг даваад гардаг юм билээ.  
- Мөнгө гэж таны хувьд юу вэ? Та хэр их ач холбогдол өгдөг вэ? 
-Мөнгө бол хүний зорилгодоо хүрэх хэрэгсэл.  Өөрт байгаа мөнгөө зөв эргэлдүүлж байж илүү том зорилгод хүрэх боломж бүрддэг гэж би боддог. Би өөрийн компаниа байгуулсан цагаасаа хойш  17 жилийн хугацаанд банкнаас зээл авч байгаагүй. Мөнгөнд ач холбогдол өгөлгүй яахав. Гэхдээ би боломжийг ямагт өөрөөсөө хайдаг. Зарим хүмүүс боломжийг бусдаас хайж, өөрт байгаа асар их хүч, боломжийг хардаггүй юм шиг санагддаг шүү. Мөнгөнд ач холбогдол өглөө гээд цуглуулаад л байхын нэр биш. Дуртай л бол түүндээ харамгүй мөнгө үр гэсэн үг бий.  Манай компани “Чингис цамхаг”-ийн барилгад 8 тэрбум гаруй төгрөг зориулсан. Би нутаг орондоо барьж байгаа анхны бүтээн байгуулалт гэдэг утгаараа хөрөнгө мөнгө хайрлалгүй, чанартай сайн барилга барихыг хичээж ажилласан. Манай компани барилга ихтэй жилдээ улсын төсөвт 700-800 сая төгрөг тушаах үе ч бий. Тийм болохоор хүн авдаг, өгдөг байж сурах нь л чухал юм даа.     
-Цаашдаа Хэнтий нутагтаа бүтээн байгуулалт хийх төлөвлөгөө бий юу?
-Өнгөрсөн жил манай компани Чингис хотынхоо нүүр царай болсон “Чингис цамхаг” хэмээх 18 давхар барилгыг барьж ашиглалтад орууллаа. Цаашдаа ч мөн нутаг орондоо “Хос бар” ХХК-ийн тамгатай бүтээн байгуулалт олныг бий  болгох хүсэл  байлгүй яахав.  
- Хэнтийчүүдийн бахархал, бэлэг тэмдэг болсон Чингис цамхаг яалт ч үгүй шинэлэг бүтээн байгуулалт болж чадсан. Энэ бүтээн байгуулалтыг яагаад барих болов? 
-Барилга бүтээн байгуулалтын салбарт ажиллаж яваа хүний хувьд нутаг орондоо өөрийн тамгатай томоохон бүтээн байгуулалт босгох юмсан гэсэн битүүхэн бодол надад  байсан. Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатар “Чингис цамхаг” төслийг анх санаачилж, хамтран ажиллах саналыг манай компанид тавьсан.  Миний хувьд энэ саналыг таатайгаар  хүлээн авч, дэмжин ажилласан. Би ямар нэгэн нам эвсэл гэхээсээ хийж бүтээе гэсэн зөв сэтгэлтэй хүмүүстэй хамтран ажиллах дуртай.  
- Одоо танай компани ямар бүтээн байгуулалт дээр ажиллаж байна вэ?
-Манай компани энэ жил Улаанбаатар хотод Хаан банкны төв оффисын 24 давхар барилга, “Хурд” группийн  23 давхар орон сууц, “Дашваанжил” ХХК-ийн 7 давхар оффисын барилга, 2300 м2 талбайтай үйлдвэрийн барилга зэрэг ажлуудыг гүйцэтгэж байна.    
-Таны дараагийн зорилго?
-Хүний хүсэл мөрөөдөлд хязгаар үгүй шүү дээ. Монголдоо 100 давхар барилга барихыг хүсэж байна. Санаж явбал бүтнэ гэдэг биз дээ.
-Баянмөнх сумын Нутгийн зөвлөлийн тэргүүлэгчээр ажилладаг гэсэн?
Тийм ээ. 10-аад жил болж байна.
- Та бизнес эхэлж буй залууст юу гэж зөвлөх вэ?
-Зөв байж эерэгээр сэтгэ. Хүнд хэзээ ч битгий худлаа хэлж бай.  Бэрхшээлийн өмнө хэзээ ч бүү шантар.  Аливаа зүйлд боломж хэзээд байдаг. Хурдтай сэтгэж,  хурдтай ажилла. Секундын дотор амьдрал яаж ч өөрчлөгдөж болдог учраас секунд бүрийг зорилгынхоо төлөө урагшлахад ашигла гэж хэлье дээ.  
-Хан Хэнтийчүүддээ хандаж хэлэх үг?
-Хэнтий аймаг маань хөгжих арга замаа зөв тодорхойлж чадахгүй байгаа юм шиг санагддаг. Миний бодлоор үйлдвэрлэл, аялал жуулчлалыг хөгжүүлж байж бид хөгжинө. Нутагт маань юм хийж байгаа, юм хийхээр зүтгэж байгаа залуус олон бий. Мөн гаднаас хөрөнгө оруулж байгаа хүмүүсээ дэмжиж ажиллах нь чухал. Хамгийн гол нь талцаж хуваагдах бус эв нэгдэлтэй байх хэрэгтэй. Тийм болохоор Хан Хэнтийчүүддээ эв нэгдэл, эрүүл энхийн дээдийг хүсэн ерөөе. 
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
 Д.Одонтунгалаг

Related news