Хонконгийн хөрөнгийн бирж арилжааны заалаа хаана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-08-15 11:19:02
ХОНКОНГ./TASS/. Хонконгийн хөрөнгийн бирж /HKEX/ 10 дугаар сарын эцсээр арилжааны заалаа хаахаар болжээ, учир нь бараг бүх арилжаа гүйлгээ цахим горимд шилжин хийгдэх болсон байна. Энэ тухай мягмар гарагт “Suoth China Morning Post” сонинд мэдээлжээ.

“Хуучин арилжааны энэ талбайг хөрөнгө оруулагчдын төрөл бүрийн ёслол, үзэсгэлэн, бага хурал, боловсролын үйл ажиллагаанд зориулан тохижуулна” хэмээн HKEX-ийн төлөөлөгч дурдан хэлжээ.

Биржийн арилжааны заал анх 1985 онд нээгдэж байсан ба уг талбай дээр нэгэн зэрэг 900 хүртэл тооны брокерүүд хэлцэл хийдэг байжээ. Харин одоо бол энэ арилжааны талбайд өдөр бүр 30 хүрэхтэй үгүйтэй трейдерүүд үзэгдэх болсон бол арилжааны үндсэн хэсэг нь аль хэдийн цахим горимд шилжин хийгдэх болжээ.

Тус сонинд тэмдэглэснээр, мөн ийм шалтгаанаар Токио, Сингапурын хөрөнгийн биржүүд арилжааны заалаа хаасан байна.

Дэлхийд хэмжээгээрээ зургаад ордог Хонконгийн хөрөнгийн бирж дээр өнөө 2000 гаруй компани хувьцаагаа арилжаалдаг ба тэдгээр компанийн зах зээлийн нийт үнэлгээ 3,7 их наяд доллар давдаг аж. Өнгөрсөн онд Хонконгийн хөрөнгийн бирж хувьцааны анхдагч байршуулалтын зах зээл /IPO/ рүү хөрөнгө татсан хэмжээгээрээ дэлхийд тэргүүлэх болсон юм.
О.Барс 
Related news