Д.Трамп Хятад улс Америкийн компаниудын эрхийг зөрчиж байгаа эсэхийг шалгахыг даалгалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-08-15 08:58:22
ВАШИНГТОН./TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп санамж бичигт гарын үсэг зурсан ба уг санамж бичгээр, худалдааны хэлэлцээ хийж буй АНУ-ын төлөөлөгч Роберт Лайтхайзер-т Хятад улс Америкийн компаниудын оюуны өмчийг зөрчсөн байж магадгүй асуудлаар мөрдөн шалгалт явуулах шаардлага байгаа эсэхийг тогтоох даалгаврыг өгч байгаа юм. Д.Трамп дээрх баримт бичигт Цагаан ордонд Худалдааны сайд Уилбур Росс, Сангийн сайд Стивен Мнучин болон Засаг захиргааны бусад гишүүдийг байлцуулан гарын үсэг зуржээ.

“Таны мэдэлд байгаа бүхий л байж болох хувилбаруудыг авч үзэх бүрэн эрхийг би танд олгож байна. Манай улсын аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтэд маш чухал зүйл болох зохиогчийн эрх, патент, ноу-хау болон бусад оюуны өмчийг бид хамгаалах болно” хэмээн Д.Трамп Р.Лайтхазерт хандан өгүүлээд “Энэ бол маш том алхам юм” гэж тэрбээр нэмэн хэлжээ.

Бямба гарагт Засаг захиргааны төлөөлөгч Цагаан ордны дээрх алхмыг тайлбарлажээ. Хэрвээ Р.Лайтхайзер Хятадын худалдааны аргын хувьд мөрдөн шалгалт явуулах шаардлагатай гэж үзэх юм бол тэрбээр нэг жил хүртэл хугацаагаар үргэлжилж болох мөрдөн шалгалтыг санаачлан явуулах эрхтэй аж.
Үүний дүнд Хятадын эсрэг тодорхой хязгаарлалтуудыг хийх, АНУ-д Хятадаар улс тодорхой хэмжээний нөхөн төлбөрийг төлүүлэх, эсвэл худалдааны ямар нэгэн саад тотгор эсвэл практикыг арилгах боломжийг хэлэлцэх боломжтой болох юм.

“Хятадын худалдааны шударга бус практикууд, аж үйлдвэрийн бодлого, түүний дотор технологи дамжуулах, оюуны өмчийг хулгайлах нь Америкийн эдийн засаг, ажиллах хүчинд хохирол учруулж байна. Хятадад үйл ажиллагаа явуулах юм бол Хятадын компаниудтай хамтарсан үйлдвэрийн газруудыг байгуулж болох үүргийг Америкийн компаниудад хүлээлгэж байна. Ингэж байгаа нь шударга бус явдал юм” хэмээн Засаг захиргааны төлөөлөгч ярьжээ.

8 дугаар сарын 1-нд “The New York Times” сонинд мэдээлснээр, Д.Трампын засаг захиргаа оюуны өмчийн эрхийг зөрчсөн, Америкийн компаниудын үйл ажиллагааг түүний нутаг дэвсгэр дээр хязгаарласны төлөө Хятадын эсрэг хэд хэдэн худалдааны арга хэмжээ авахаар бэлтгэсэн байгаа ажээ. Тус сонинд мэдээлснээр, Ерөнхийлөгч Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн нөхцөл байдалд Хятад улс идэвхгүй байр суурь баримталж байгаад дургүйцлээ илэрхийлэн Бээжинтэй харилцах харилцаагаа сайжруулах бодлогоосоо ухарч байгаа ажээ.
О.Барс 
Related news