Оросын рублийн ханш энэ онд ямар байх вэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-08-08 15:09:17
ЛОНДОН./BBC/. Рублийн ханш сүүлийн долоо хоногуудад нэлээд сулрах болсон ба 5 дугаар сараас хойш 8 хувиар унажээ. Валют солих цэг рүү гүйх биш харин хуримтлалаараа томоохон худалдан авалт хийхийг шинжээчид оросуудад зөвлөж байгаа аж.

Рублийн ханшны өнөөгийн энэ уналт нь юуны түрүүнд Оросын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах тухай хуулийн төсөл хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой. Өмнө нь Америкийн конгрессоор батлагдаад байсан дээрх баримт бичигт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт гарын үсэг зурсан юм. 

Шинжээчдийн үзэж байгаагаар, нэг их удаан үргэлжилж чадаагүй хатуу рублийн цаг үе ард хоцорсон ба Оросын рубль цаашид ч сулрахаар байгаа ажээ.

Оросын эдийн засгийн хөгжлийн яамны таамгаар оны эцэс гэхэд 1 доллар 68 рубльтэй тэнцэх аж.

“Орос Америкийн харилцаа сайжрах итгэл найдвар төгсгөл болсон” хэмээн эдийн засагч Наталья Орлова бичээд рублийн ханш газрын тосны үнэ өсч байгаа үед хүртэл өссөнгүй гэж онцлон дурджээ.

“FBK Grant Torton”-ийн эдийн засагч Игорь Николаевын тайлбарлаж байгаагаар, оны эхээр рублийн ханш өсч байсан нь эдийн засгийн байдал сайжирсан мөн эдийн засаг хориг арга хэмжээ болон газрын тосны хямд үнэд дасан зохицсон байсан. Гэтэл одоо нөхцөл байдал дахиад л өөрчлөгдчихлөө, олон улсын хориг “ноцтой бас удаан хугацаанд үргэлжлэх нь” тодорхой болсон гэжээ.

Үүнээс гадна дамлан наймаалагчдын зүгээс Оросыг сонирхохгүй болж байгаа нь рублийн ханшны сулралд нөлөөлж буй бас нэг шалтгаан юм. Шинжээчдийн үзэж байгаагаар, оны эхээр рубль чангарч байсны нэг шалтгаан нь дамлагчдын стратеги байсан, өөрөөр хэлбэл, дамлагчид аль нэг орноос бага хүүтэй зээл аван өндөр хүүтэй өөр орны активуудад оруулдаг байна. Одоо эдгээр дамлагчид Оросын эсрэг хориг чангарсантай холбоотойгоор Оросын зах зээлээс гарч байгаа нь рубльд нэмэлт ачаалал учруулж байгаа ажээ.
О.Барс 
Related news