Н.Анхбаяр: Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин нэн шаардлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-07-28 10:17:33
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймагт он гарсаар 6 сумын нутагт малын гоц халдварт шүлхий өвчин голомтлон гараад байна. Үүнтэй холбогдуулан тус аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлэгийн албаны дарга Н.Анхбаяртай уулзаж, цаг үе, нөхцөл байдлын талаар  дэлгэрэнгүй мэдээлэл авлаа. 

-Яг одоогийн байдлаарх шүлхий өвчний дэгдэлт, нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө үү?   
-Одоогоор Хэнтий аймгийн 6 суманд буюу Норовлин, Батноров, Баян-Овоо, Хэрлэн, Галшар, Баянхутаг гэсэн сумдад малын гоц халдварт шүлхий өвчин голомтлон гараад байна. Уг өвчинтэй мал эмнэлгийн байгууллагууд, Онцгой байдлын газар, АЗДТГ гээд холбогдох мэргэжлийн байгууллагууд батлагдсан заавар журмын дагуу холбогдох арга хэмжээнүүдийг тухай бүрт нь шат дараатайгаар авч хэрэгжүүлж байна. Үүний хүчинд Норовлин, Батноров, Баян-Овоо зэрэг сумдад гарсан малын гоц халдварт шүлхий өвчнийг голомтонд нь дарж чадсан. Одоогийн байдлаар Хэрлэн сумын  Тахилгат тосгон, Хэрлэн сумын Цант гэдэг газар, Баянхутаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт, аймгийн төвийн урд хэсэг буюу Хаялага гэдэг газарт уг өвчин голомтлон гарсан байдалтай байна. Бид уг өвчинтэй тэмцэх арга хэмжээг авч,  хэрэгжүүлэн  ажиллаж байгаа.  Бид аймгийн төвд халдварыг оруулахгүй байлгах үүднээс тодорхой арга хэмжээг авч ажилласан. Тухайлбал, 7-р сарын эхээр аймгийн төв, аймгийн төвийг тойрсон малчин айл өрхүүдийн бүх үхрийг урьдчилан сэргийлэх вакцинд хамрууллаа. Мөн ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг  айл өрхүүдийн дунд зохион байгуулсан.  Он гарсаар энэ 6 суманд нийтдээ шүлхийгээр өвчилсөн 118 үхэр, 3 ямааг  заавар журмын дагуу устгалд оруулсан. Одоогоор Хэрлэн сумын Цант, Тахилгат тосгон, Баянхутаг суманд гарсан шүлхий өвчний голомтонд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна. Үүнтэй холбоотойгоор өвчин гарсан сумдад мал мах тээвэрлэхгүй байх зорилгоор мал эмнэлгийн гарал үүслийн бичгийг түр зогсоосон. Мөн хараа хяналтыг сайжруулах зорилгоор харуулын постуудыг гаргаад байна.  Ингээд аймгийн хойд хэсэгт 2 пост, Тахилгатад 1, зүүн талд 1 зэргээр  нийтдээ 6 пост, 1 хөдөлгөөнт эргүүл ажиллаж, хүн мал, машин техникийн шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж байна. Бид аймгийн төв болон Тахилгат тосгоны ойр орчимд 68 өрхийн 28 хашаа саравч,  12 худаг уст цэг, 1 нуурын ойр орчим гээд нийтдээ 94630 м.кв2 талбайг ариутгаж, халдваргүйжүүлсэн. Ариутгал, халдваргүйжүүлэлт гэдэг маань вирусыг үхүүлэх, энэ өвчний циклийг таслан зогсоох, цаашид халдварлуулахгүй байх чухал ач холбогдолтой ажил юм. Энэ ажилд аймгийн Онцгой байдлын газар, Хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлэг онцгой анхааран ажиллаж байна.
Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлуудыг хийж хэрэгжүүлж байна вэ?
-Бид малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор улсад вакцины хүсэлт тавьсан. Улсад вакцины нөөц маш бага байгаа. Гэсэн ч  ирүүлсэн  вакцинаар нь бид Хэрлэн сумын 7 багийн 151 өрхийн 7020 үхэр, 6521 хонь, 920 ямаа нийт 14460 малыг  вакцинжуулалтад хамрууллаа.
- Сүүлийн 1 сарын хугацаанд хичнээн үхэр устгалд оруулав?
-Шинж тэмдгээр өвчилсөн үхрийг аймгийн мал эмнэлгээс эмч очин үзлэг хийж, дээжийг улсын Мал эмнэлэг, ариун цэврийн төвд явуулж, лабораторид  баталгаажуулсаны дараа устгалын арга хэмжээг авдаг. Өнгөрсөн 6 дугаар сарын 25-наас хойш нийтдээ 25 үхэр, 1 тугалыг устгалд оруулаад байна. Шүлхий  өвчинтэй тэмцэхэд дан ганц мал эмнэлэг, Онцгой байдлын газар, АЗДТГ ажиллаад төдийлөн үр дүнд хүрэхгүй. Тиймээс малчид маань үүрэг хариуцлагатай байж, хамтдаа тэмцэх хэрэгтэй байна. Халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн малаа хариулга маллагаагүй байлгах, бусдын малтай нийлүүлэх, Сүхбаатар, Дорнод аймгаас зөвшөөрөлгүй мал авч, сүрэгтээ нийлүүлэх зэрэг малчдын хариуцлагагүй үйлдлээс болж, өвчин тархах аюултай. Өвчин гарсан даруйд нуун дарагдуулалгүй мэргэжлийн байгууллагад хандах хэрэгтэй. Гэсэн хэдий ч малчид маань өвчний шинж тэмдэг илэрсэн даруйд нуун дарагдуулж, өвчин газар авсан хойно нь мэргэжлийн байгууллагад хандах тохиолдол байна.
- Шүлхий өвчинтэй тэмцэхэд бэрхшээлтэй зүйлүүд олон байгаа байх?
-Өнгөрсөн 2016 онд бид 9 сумыг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд хамруулсан. Үлдсэн сумдыг 2017 оны хавар хамруулсан. Гэтэл өнөөдөр 2016 оны намар вакцин хийлгэсэн малын дархлааны идэвхи буурсан учраас өвчин гарах магадлал өндөр байна. Монгол Улсын Засгийн газар ОХУ-тай гэрээ байгуулж, шүлхийн вакциныг нийлүүлэхээр болсон. Иймээс улс маань энэ вакцинаа яаралтай оруулж ирж, эрсдэлтэй аймгууддаа нийлүүлэх шаардлагатай байна. Мөн бидэнд ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисын асуудал тулгараад байна. Он гарсаар аймгийн Засаг даргын нөөцөөс тодорхой санхүүжилт гаргаж, энэ өвчинтэй тэмцэж байна. Өнөөдөр аргагүй нөөц маань шавхагдаад байна. Ариултгалын бодисоос гадна  сумдад ариутгал хийдэг AVTOMAХ гэж төхөөрөмжөөр хангах зэрэг асуудлууд байгаа. Эдгээр арга хэмжээг нэн яаралтай шийдвэрлэхгүй бол шүлхий өвчинтэй тэмцэх бэлтгэл бэлэн байдал тун таруухан байна.
Уралдаан, баяр наадмын улирал эхэлсэн энэ үед үүсэж буй шилжилт хөдөлгөөнийг хэрхэн хянаж байна вэ?
-Олон нийтийг хамруулсан цуглаан, морин уралдаалгыг хорьсон Хэнтий аймгийн Засаг даргын захирамжийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Энэ асуудлыг МСУХ, малчид, уяачид маань анхаарах хэрэгтэй байна. Олон нийтийн цуглаан, уралдаалгын үед хүн мал, техникийн шилжилт хөдөлгөөн их болдогоос шүлхий өвчний халдварлан тархах эрсдэл өндөр байна. Үнэхээр аргагүй тохиолдолд наадмаа зохион байгуулахдаа мал эмнэлгийн байгууллага, малын эмч нараас бүрдсэн ажлын хэсгийг ажиллуулж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг цаг алдалгүй авч ажиллах хэрэгтэй. Мөн сумдын малын эмч, хувийн мал эмнэлгийн аж ахуйн нэгжүүд малчдаас ирсэн дуудлагад шуурхай үйлчлэх шаардлагатай байна. Хөдөө аж ахуйн газрын даргын албан бичгийг сумдад хүргүүлсэн байгаа.  Малд үзлэг шинжилгээ хийж, өвчнийг эрт оношлосноор төдий чинээ хөрөнгө зардлыг хэмнэх боломж бүрдэх юм. Үүний дагуу  үзлэгийн ажлыг зохион байгуулах үүрэг даалгаврыг холбогдох байгууллагуудад өгөөд байна.
Ойрын үед шүлхий өвчинтэй тэмцэх чиглэлээр ямар арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөөд байна вэ?
-Цэцэг, шүлхий, паразит өвчинтэй тэмцэхэд дөхөм болдог нэг арга бол мал угаалга юм.  Уг өвчинтэй тэмцэх арга хэмжээний хүрээнд бүх сумдад мал угаалгын ажлыг зохион байгуулах аймгийн Засаг даргын захирамжийг гаргалаа. Мал угаалгын ажил сумдад эхлээд байна. Мал угаалгын ажлыг сумд маань онцгой анхаарч ажиллах ёстой.
-  Шүлхий өвчний шинж тэмдэгтэй ижил шинж тэмдэг бүхий өвчин байдаг уу?
-Төстэй шинж тэмдэг бүхий өвчин байдаг. Өнгөрсөн өвөл сумдад цас зуд ихтэй, зун нь ган ихтэй байгаагаас зарим нутагт мал тэнхрээгүй байна. Үүнээс болж үхрийн яс цөмрөх өвчин гарч, малчдаас дуудлага их ирж байна. Энэ бол халдваргүй өвчин бөгөөд эрдэсийн дутагдал юм. Тухайн  өвчний үед үхрээс шүлс гоожих, ядрах, турж эцэх, өвс идэхгүй байх зэрэг шинж тэмдгүүд үүсдэг. Үүнийг малчид маань шүлхий өвчинтэй андуурах тохиолдол байгаа. 
Дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа.
Д.Одонтунгалаг
Related news