"Баянхонгорын бахархалт өдөр"-ийг тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-07-21 02:25:12
Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн баяр наадмын өмнөх өдөр буюу өнөөдөр "Баянхонгорын бахархалт өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүллээ. Мөн өдөр Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэх, аймгийнхаа бахархалт үйлстнүүдийг алдаршуулах, задгай талбайн цэнгүүн зэрэг арга хэмжээнүүдийг зохион явууллаа. 
Цэргийн хүрээний оройн тооллого, баярын жагсаалаар эхэлсэн тус арга хэмжээнд Баянхонгорчууд Баганат талбайгаа дүүртэл цуглаж, цэнгэн өнгөрүүлсэн юм. Үдшийн шоу цэнгүүнд Монголын рок попын одод нэгэн дор цуглаж, нүсэр тоглолтоор бэлэг барисан нь ойрын жилүүдэд болоогүй арга хэмжээ байв.
Тус тоглолтыг аймгийн ЗДТГ, ИТХ, Монголболгаргео ХХК хамтран зохион явуулсан байна. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монголболгаргео ХХК тус тоглолтын зардлыг 100 хувь хариуцаж байгааг цэнгүүний нээлтэд аймгийн удирдлагууд онцолж байв.
Мөн үеэр аймгийн Засаг дарга хэлэхдээ, "Шинэ жилийн өмнөх оройн цэнгүүнийг бид санаачлан зохион явуулсан. Наадмын өмнөх оройг ч мөн ийнхүү цэнгүүнээр эхлүүллээ. Цаашид жил бүр Шинэ жил, наадмын өмнөх оройн цэнгүүнийг уламжлал болгон зохион байгуулж байхаар боллоо" гэдгийг онцолж байсан. Цэнгүүний үеэр төв талбайд шар айргийн худалдааг нээлттэй байлгаж, бүрэн дүүрэн цэнгэлдэх боломжийг нээж өгсөн нь залууст таатай байгаа нь харагдаж байсан. Олон хүн цугласан газар шар айраг худалдаалах нь зохимжгүйг хэлэх хүмүүс байсан ч согтуу хөлчүү байж, хэв журам алдагдуулсан нэг ч явдал гараагүйг албаныхан онцлов. 
                                                                                                                                   Б.Мөнхзул
Related news