2015 оны төсвийн хүрээний мэдэгдлийг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-10-30 17:16:17

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, “Зардлыг танаж, өр төлөх хуримтлал үүсгэн, алдагдалгүй төсөв баталдаг болно гэсэн асуудлыг нийгэм даяар ярьж байна. Гэтэл 2016 оны төсвийн төсөөлөл үүнээс эсрэгээр орж ирсэн байх юм. Ямар шалтгаанаар өр, зардал нэмж байна вэ” гэсэн асуудлыг тодруулсан.

Сангийн сайд Б.Болор уг асуултад, "Анхны хэлэлцүүлгийн үеэр нэлээн ярьсан. Энэ жил эдийн засгийн хүндрэлээс хамаарч төсвийн орлого нэлээд тасарсан. Ирэх жил багагүй ажил хийхээр төлөвлөсөн. Өр нэмээд байгаа юм алга. 2010 оноос хойш дотоодын бонд гаргах замаар төсвийн алдагдлаа нөхөж явсаар өнөөгийн байдалд хүрсэн. Одоогийн өргөн барьсан төсвөөр бол алдагдлаа нөхөх зорилгоор дотоодын бонд гаргахгүй. Гадаад бонд мөн гаргахгүй. Сайжруулах тал дээр ажиллаж байна” хэмээн хариулсан юм. Уг асуудалтай холбогдуулж асуулт асуух гишүүн гараагүй тул санал хураалт явуулахад уг хуулийг олонхийн саналаар баталлаа.

Үүний дараагаар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гүйцэтгэх ажлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав.

Б.Туул

Related news