Европын Холбооны хүрээнд роуминг үйлчилгээг халлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
sarnai@montsame.mn
2017-06-15 10:56:09
АСТАНА. /КАЗИНФОРМ/. Лхагва гараг буюу 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Европын Холбооны /ЕХ/гишүүн орнуудын нутаг дэвсгэрт гар утасны роуминг үйлчилгээг цуцаллаа. Ингэснээр тус холбооны гишүүн 28 орны ард иргэд гар утсаараа нэгдсэн нэг тарифаар ярьж эхлэх юм.
 
“Өнөөдөр бол түүхэнд тэмдэглэгдэх өдөр юм. Энэ өдөр үүрэн холбооны Европын зах зээл бодит байдал дээр нэгдсэн зах зээл боллоо” гэж Европын Комиссын пүрэв гарагт хийсэн мэдэгдэлд дурдсан байна.
 
Ингэснээр европчууд зуныхаа амралтаараа аялах үедээ анх удаа гар утсаараа дотоодын тарифаар ярих боломжтой болжээ. ЕХ-ны дотор үүрэн холбооны роуминг үйлчилгээг цуцлах тухай асуудлыг Европын Комисс 2013 онд анх хэлэлцэж эхэлсэн бөгөөд 2015 онд уг асуудлыг шийднэ гэж төлөвлөж байв. Европын Холбоо бол зөвхөн нэгдмэл зах зээл төдийгүй мэдээллийн нэгдсэн орон зай байх ёстой гэж үзсэний үндсэн дээр дээрх шийдвэрийг гаргасан байна.

Өмнө нь ЕХ-ны гишүүн аль нэг улсын иргэн эх орноосоо гарч явсан үедээ хэд дахин өндөр үнээр роуминг үйлчилгээ авч байжээ. Роумингийг цуцлах тухай шийдвэр нь зөвхөн Европын үүрэн холбооны оператор компаниудад хамаарах юм. Харин ЕХ-ны гишүүн бус орнуудын үүрэн холбооны компаниудын хэрэглэгчид нь роумингийн ердийн бүст нэвтрэх ба ярианы тарифыг тухайн улсын оператор компани тодорхойлох аж.
 
Х.Сарнай  
    
Related news