Тусгай сургуулийнхний үдийн хоолны зардлыг 2400 төгрөг болгож нэмлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Тусгай сургуулийн сурагчдын үдийн хоолны мөнгийг нэмлээ.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Дэд сайд Ё.Отгонбаяр энэ үеэр, "Улсын хэмжээнд тусгай сургалттай нийт 6 сургуульд 1600 гаруй хүүхэд суралцаж байна. Энгийн сургуулиас ялгаатай нь тусгай сургуулийн сурагчид сургууль дээрээ өдөрт 8-10 цагийг өнгөрүүлдэг.
Эдгээр хүүхдүүд нь нөхөн сэргээх эмчилгээ, ганцаарчилсан болон хөдөлмөрийн чиг баримжаа олгох сургалтад хамрагддаг. Иймээс сургуулийн сурагчдын үдийн хоолны зардлыг 2400 төгрөг болгож нэмлээ. Энэхүү шийдвэрийг ирэх есдүгээр сарын нэгний өдрөөс дагаж мөрдөнө" гэсэн тайлбар хийлээ.
Хүүхдийг, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг илчлэг, шим тэжээлтэй хоолоор хангах нь тэдний эрүүл мэндэд сайнаар нөлөөлөхийн зэрэгцээ амжилттай суралцахад нь хамгийн чухал дэмжлэг болно гэж үзэн дээрх шийдвэрийг гаргажээ. Ингэснээр хүүхдүүд хоногт авбал зохих хоол хүнсний хэрэгцээний 40-45 хувийг үдийн хоолоор авч байх боломж бүрдэж байна. Сурагчдын үдийн хоолны зардал нь жилд 746 сая төгрөг болох бөгөөд энэ оны төсөвт хүндрэл учрахгүй гэж үзжээ.
Засгийн газрын “Хоолны зардлын дундаж норматив батлах тухай” 2012 оны 106 дугаар тогтоолын дагуу тусгай сургуулийн бага ангийн сурагчдад өдөрт 600 төгрөгийн үдийн цай өгч байгаа аж.
Б.Туул