Малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгуулагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Малчин эмэгтэйчүүдийн хувь хүний хөгжлийг дэмжих, тэдний идэвх санаачлагыг дэлгэрүүлэх, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын үйл ажиллагааг сайжруулах зорилготой аймгийн малчин эмэгтэйчүүдийн "Нийгмийн сайн сайхны төлөө бид хамтдаа" чуулга уулзалт, сургалт Чингис хотод зохион байгуулагдлаа.
Сургалт, зөвлөлгөөний нээлтэд тус аймгийн Засаг дарга Н.Ганбямба, Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун нар оролцож малчдын талаар аймаг орон нутгаас баримталж буй бодлого шийдвэрийг танилцуулсан байна. Уулзалт зөвлөлгөөний эхний өдөр Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас "Гамшгийн эрсдлийг бууруулахад эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлье" уриан дор гамшиг ослоос урьдчилан сэргийлэх сургалтыг явууллаа. Дараагийн өдрийн арга хэмжээг аймгийн ЗДТГ, Малчин эмэгтэйчүүдийн холбоо болон бусад төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулсан бөгөөд ХХААГ, ЭМГ, ХХҮГ, БСУГ, ЦГ, ЭМНДХ, ГБХЗХГ, Хүний эрхийн үндэсний комисс, АДБ-ийн Хан Хэнтий чуулга, ДЗОУБ-ын Бор-Өндөр 2 ОНХХ, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, ЛЭОСан ТББ, Хан Хэнтийн бүсгүйчүүд ТББ, Хэнтий аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Бриллиант ТББ, Хуульч эмэгтэйчүүдийн холбоо, Малчин эмэгтэйчүүдийн холбоо зэрэг ТББ-ууд мэдээлэл хийлээ.
Сургалт чуулганд зориулж, "Хэнтийн мэдээ” сонины редакц Хэнтий аймгийн “Малчин эмэгтэйчүүдийн холбоо”-той хамтран “НАР ТОССОН ЗАЯА” сэтгүүлийг бүтээж, малчин эмэгтэйчүүд болон АДБ-ийн Хан Хэнтий чуулгын уран бүтээлчдийн хамтарсан “Малчин түмний дуулал” тоглолт зохион байгуулсан юм.
Тус арга хэмжээнд Хэнтий аймгийн 6000 гаруй малчин эмэгтэйчүүдээ төлөөлж 88 багийн 90 гаруй малчин оролцсон байна.
Д.Одонтунгалаг