Ирэх онд инфляцийг 8 хувьд барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-05-26 17:03:27
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийсэн. Одоо үдээс хойшхи хуралдаанаар уг асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.


Үндсэн чиглэлийн төсөлд макро эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулах бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг 1,8 хувьд хүргэх, инфляцийг 8,0 хувийн түвшинд барих, ажлын байр нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг 8,0 хувиас ихгүй байлгах, нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдлыг өмнөх оны түвшнээс бууруулахаар тусгасан.


Мөн дунд хугацаанд төсвийн үндсэн тэнцлийг эерэг болгох нөхцлийг бүрдүүлэх, эдийн засгийн суурь үзүүлэлтүүд болон зээлжих зэрэглэлийг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, хөрөнгө оруулалт татах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, санхүүгийн салбарын эрсдлийг бууруулж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, бодит салбаруудын хөгжлийг дэмжих, нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх зэрэг зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
 
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, "Яамдууд Үндсэн чиглэлийн боловсруулалтад анхаарах хэрэгтэй. Олон жил Үндсэн чиглэл биш мөрөөдлийн жагсаалт байна гэж яригдаж ирсэн. Өмнөх жилийнхийгээ өөрчлөөд оруулж ирдэг байж болохгүй" гэсэн байр суурьтай байв.

УИХ-ын гишүүн С.Чинзориг, "Ирэх жил өрхийн орлого ямар хэмжээгээр нэмэгдэх вэ, дундаж давхаргынхан хэдэн хувиар нэмэгдэх вэ. Хоёрдугаарт эрүүл мэндийн болоод энэ талын зардлыг бууруулахад чиглэсэн зорилт санасны хэмжээнд хүрэхгүй байна. Ипотекийн зээл үргэлжлэх үү, хэдэн өрх байртай болох уу, түрээсийн орон хөтөлбөр хэрхэн хэрэгжих гэх мэт асуудал нарийвчлан тусгаагүй байна" гэлээ.

Хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад 84,7 хувь нь дэмжсэн тул дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Б.Туул 
Related news