Хэнтий аймгийн хэмжээнд 46 хүн ажлын байртай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэрлэн сумын 4 дүгээр багийн Сариг төвд ахуйн үйлчилгээний төв нээлтээ хийж, "Зах зээл бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл"-д хамрагддаг бүлгүүдээс аймгийн хэмжээнд 46 хүн ажлын байртай боллоо.
Тус төслөөс ааруул хатаагч, хүлэмж, гутлын үрэлгээний болон зузаан оёдлын машин, оёдлын хэрээсний машин, уурын индүү зэрэг 46 нэр төрлийн 55 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг эмэгтэйчүүд давамгайлсан 30 бүлэгт гардууллаа. Эдгээр бүлгүүд дундын сандаа мөнгөн дүнгийн 80 хувийг байршуулж захиалснаар дээрх төслөөс дэмжлэг үзүүлж, ийнхүү хүссэн тоног төхөөрөмжийг нь нийлүүлжээ.
"Зах зээл бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл" нь Хэнтий аймагт 2012 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 10 гаруй сумын 87 бүлгийн 670 гаруй гишүүн хамрагддаг аж. Хэрлэн сумаас 19 бүлгийн 190 гаруй иргэд энэхүү төсөлд хамрагдаж байна.
“Хэрлэн сумын удирдлагууд үйлдвэрлэл эрхлэгч иргэдээ дэмжсээр байна”
Хэрлэн сумын ЗДТГ-аас дээрх төслийг дэмжиж, оёдлын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тоног төхөөрөмж хүлээн авсан 6 иргэн, төслийн зохицуулагч нарт ажлын өрөө гаргаж өгчээ. Тодруулбал, тус 4 дүгээр багийн Сариг төв дээр ашиглагдахгүй байгаа боловч ашиглалтын зардал төлөөд явж байгаа өрөө байрыг хувиараа үйлдвэрлэл эрхлэгч иргэддээ ажлын байр болгон, хямд үнээр түрээслүүлж байгаа аж. Ингэснээр тэдэнд үйл ажиллагаа, үйлдвэрлэлээ өргөжүүлэх, хямд үнэтэй, чанартай бүтээгдэхүүнийг бий болгох нөхцөл бүрдэж байгаа юм. Эдгээр үйлдвэрлэл эрхлэгчид маань “Эвт” худалдааны төвд байрлах Ахмадуудын лангуун дээр түрээсийн төлбөр төлөхгүйгээр бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломжтой болжээ.
Хэрлэн сумын ЗДТГ-аас мөн ард иргэдийн худалдан авах чадвар буурсан, эдийн засгийн хямралтай байгаа энэ үед ажлын байрыг хадгалж үлдэх, шинээр бий болгох зорилгоор үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулан бараа бүтээгдэхүүнээ олон нийтэд сурталчлан таниулах, зарж борлуулах боломжтой сүүдрэвчийг ирэх сараас “Эвт” худалдааны төвийн гадна талбайд байрлуулахаар төлөвлөжээ.
Д.Одонтунгалаг