“Бүс ба Зам” форумын талаар таны мэдэх ёстой зүйлүүд

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2017-05-12 10:44:37
Энэ сарын 14-15-нд Хятад улсын нийслэл Бээжин хотноо болох "Бүс ба Зам" форумын талаарх мэдээ мэдээллийг Хятадын хамгийн нөлөө бүхий, англи хэлээр мэдээ мэдээлэл гаргадаг албан ёсны эх сурвалж болох "China Daily" цахим хуудас МОНЦАМЭ агентлагт нийлүүлж байна. 

БЭЭЖИН. /Сhina Daily/. “Бүс ба Зам” форумын зорилго нь бүс нутаг төдийгүй дэлхий дахинд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, харилцан уялдаа холбоотой хөгжлийн замаар замнахын тулд цэвэр эрчим хүчийг бий болгох, “Бүс ба Зам” санаачилгын үр ашгийг бүх улс оронд хүртээх явдал юм.

“Бүс ба Зам” чуулга уулзалтыг энэ сарын 14-15-нд “Бүс ба Зам: Нийтийн хөгжил дэвшлийн төлөөх хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд зохион байгуулах гэж байна.

Уг форумд 29 улс орны төр ба засгийн газрын тэргүүн нар, тэдний дотор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган, Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте нар оролцоно. Мөн олон улсын 70 гаруй байгууллагын өндөр дээд албан тушаалтнууд, тэдний дотор НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, ОУВС-гийн захирал Кристин Лагард, Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким нараас гадна 130  улс орны 1500 гаруй төлөөлөгч оролцоно.

Тавдугаар сарын 14-нд чуулга уулзалтын нээлтийн ёслол, өндөр дээд түвшний уулзалтууд болох бол 15-нд удирдагчдын дугуй ширээний уулзалт болно.

Форумын эхний өдөр эдийн засгийн хамтын ажиллагаа ба худалдаа, дэд бүтцийн холболт, санхүүгийн дэмжлэг, эрчим хүч ба эх үүсвэр, аж үйлдвэрийн хөрөнгө оруулалт, далай тэнгисийн хамтын ажиллагаа, экологи ба байгаль хамгаалал зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх ажээ.

Харин удирдагчид дугуй ширээний уулзалтын үеэр “илүү нягт түншлэлийн төлөөх бодлогын уялдаа холбоо”, “харилцан холбоотой хөгжлийн төлөөх уялдаа холбоот хамтын ажиллагаа” гэсэн хоёр сэдвээр хэлэлцүүлэг хийнэ.

“Бүс ба зам” нь БНХАУ-ын санаачилсан хамтын ажиллагааны төлөөх олон улсын санаачилга юм. Энэхүү санаачилга нь бусад бүс нутгийн улс орнуудад нээлттэй.

Худалдааны харилцаа

2013 оноос хойш Хятад улс “Бүс ба Зам” санаачилгад нэгдсэн улс орнуудад 50 тэрбум гаруй долларын хөрөнгө оруулалт хийгээд байна. Энэ хугацаанд Хятадын бизнес эрхлэгчид нийтдээ эдийн засаг ба хамтын ажиллагааны 56 бүсийг байгуулж, 1.1 тэрбум долларын татварын орлого олж, дотооддоо 180 мянган ажлын байрыг бий болгожээ.

2017 оны эхний улиралд Хятадын компаниуд 61 улс оронтой аутсорсингийн гэрээ байгуулсан байна.

“Бүс ба зам” санаачилгын хүрээнд өнгөрсөн улиралд аутсорсингийн төслүүдээс олсон орлого 2016 оны мөн үеийнхээс 4.7 хувиар нэмэгдэн 14.39 тэрбум долларт хүрчээ.

Мөн энэ оны нэгдүгээр улиралд Хятадын компаниуд 43 улс, бүсийн санхүүгийн бус салбаруудад 2.95 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.4 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Г.Доржханд
Related news