Хүйн ээжүүд баяраа тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-05-08 16:27:14
Баянхонгор /МОНЦАМЭ/. Олон улсын эх баригчдын өдрийг манай улс 11 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жил  “Хүйн ээж бид–Шинэ амьдралын төлөө гэр бүл эхчүүдтэй хамт” гэсэн уриатайгаар Баянхонгор аймагт тэмдэглэн өнгөрүүлэв.
Баярын үйл ажиллагааны хүрээнд ур чадвар сайжруулах сургалт, баярын хурал, концерт, гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулжээ. 
Өнөө жилийн баяраар Оны шилдэг эх баригчаар Гурванбулаг ЭМТ-ийн эх баригч бага эмч Э.Эрдэнэсайхан шалгарч, Шилдэг эх баригч цөм, өргөмжлөлөөр шагнуулсан бол ЭМЯ-ны Тэргүүний ажилтан цол тэмдгээр Нэгдсэн эмнэлгийн Төрөх эмэгтэйчүүдийн тасгийн эх баригч Б.Цэндсүрэн, С.Уртнасан нар, ЭМЯ-ны Жуух бичгээр Баян-Овоо ЭМТ-ийн эх баригч С.Шүрэнчимэг, Шинэжинст сумын эх баригч Д.Бадамсүрэн нар шагнуулсан байна. Мөн  Алтан дэнлүү  улсын уралдаанаас  “Аврах үйлстэн ” цол тэмдгээр Өлзийт ЭМТ-ийн эх баригч Ц.Алтанцэцэг шагнуулсан бол нэр бүхий хүмүүсийн аймгийн шагналыг гардсан.
Хүйн ээжүүдийн баяраар зохион байгуулсан Шилдэг эмэгтэйчүүдийн эмч номинацид Эх барих, эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор Г.Хоролсүрэн шалгарч Шилдэг зөвлөгч тэмдэг, өргөмжлөлөөр шагнуулжээ.
Жил бүрийн тавдугаар сарын 5-ны өдрийг Олон улсын эх баригчдын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд манай улсын хувьд эл өдрийг 2007 оноос эхлэн тодорхой нэгэн уриан дор тэмдэглэх болсон юм. 
 
                                                                                                                 Б.Мөнхзул
Related news