Багачуудын хөгжмийн анхдугаар наадам эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-05-08 16:15:28

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн тэргүүний Гуравдугаар цэцэрлэг, аймгийн БСГ, хүүхдийн Тэмүжин театр хамтран аймгийн Багачуудын хөгжмийн анхдугаар наадмыг эхлүүллээ.

Анхдугаар наадамд төв, хөдөөгийн 12 цэцэрлэгийн 3-5 насны 150 гаруй хүүхэд багш нарынхаа заасан аяыг өөрийн сонгосон хөгжмөөр эгшиглүүлэн өрсөлдөж байна.

Тэд гоцлол, цөөхүүл, хамтлаг гэсэн гурван төрөлд даралтат, утсан болон Баянхонгор аймгийн брэнд болоод буй чулуун царгил хөгжмөөр өрсөлдөж байна. Тэмцээний нэгдүгээр шатыг цэцэрлэг тус бүрт зохион байгуулж тэндээс шалгарсан шилдэг 150 хүүхэд ийнхүү хоёрдугаар шатанд оролцож буй аж.

Багаасаа хөгжмийн боловсролоор хүмүүжсэн хүүхэд сэтгэлгээ өндөр, мэдрэмжтэй, нийтэч, аливаа асуудалд хандах хандлага нь төлөвшсөн байдгийг багш нар онцолж байна. Цаашид тус наадам жил бүр уламжлал болон зохиогдох бөгөөд СӨБ-ын байгууллагууд хөгжмийн зэмсгийн төрлийг олшруулах, хөгжмийн багш нарын ур чадварыг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлага байгааг БСГ-ын мэргэжилтнүүд хэлж байна.

                                                                                                                         Б.Мөнхзул

Related news