Монгол улсын шилдэг татвар төлөгч 99 ААН-д Баянхонгорын хоёр компани багтлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-05-08 16:03:54
Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу 2000 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдөр”-ийг тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн. Энэ дагуу өнөө жил Баянхонгор аймагт “Эх орныхоо хөгжлийг бүтээгч эрхэм татвар төлөгч танд баярлалаа” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.
Татвар төлөгчдийн өдрүүдийн хүрээнд шилдэг татварын төлөгчдөд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааг өнөөдөр зохион байгуулж, татвар төлөгч ААН-үүд, аймгийн удирлагууд, ард иргэд оролцон шилдгүүдийн шагналыг гардуулав.
Баянхонгор аймгийн 2016 оны шилдэг татвар төлөгч ААН, байгууллагаар “Хаш Гоёо”, “Хонгорын Хүдэр” ХХК-иуд, шилдэг татвар төлөгч иргэнээр О.Лхам-Эрдэнэ, Б.Батсайхан нар, санхүү, эдийн засгийн шилдэг ажилтнаар П.Баасанхүү нар шалгарчээ. Мөн Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүргээ нэр төртэй биелүүлэн, улс орон нутгийн төсвийн орлого бүрдүүлэхэд бодит хувь нэмэр оруулсныг нь өндрөөр үнэлэн Монгол Улсын шилдэг татвар төлөгч ААНэгжээр “RMB”, “Баялаг Дулаан” ХХК-иудыг тодруулсан ба Монголын татварын албаны дээд шагнал Цом, батламжийг Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал хүндэтгэлтэйгээр гардуулж өглөө.
Монгол Улсын шилдэг татвар төлөгч 99 ААНэгжид багтсан “RMB” ХХК нь дулаан үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, барилга угсралт, харуул хамгаалалт гэсэн 4 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба 2000 оноос хойш таван төрлийн татварыг улсад хуулийн хугацаандаа шударга төлсөөр ирсэн Баянхонгор аймгийн томоохон ААНэгж юм. Мөн Монгол Улсын шилдэг татвар төлөгч болсон “Баялаг дулаан” ХХК нь дулаан үйлдвэрлэл, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж, аймгийн 18 ААН, байгууллага болон  510 айл өрхийг найдвартай дулааны эх үүсвэрээр хангадаг байна.
Сонирхуулахад, Татвар төлөгчдийн өдрүүдийн хүрээнд Баянхонгор аймгийн Татварын хэлтсээс аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ААН, байгууллага, санхүүгийн чиглэлийн байгууллагуудын дунд “Хөх бүрдний эх” ХХК-ний нэрэмжит “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэн сайн мэдэх вэ” АСК тэмцээн, ЕБС, Их дээд сургууль, коллежийн оюутан сурагчдын дунд “Гал хонгор” ХХК-ний нэрэмжит Монгол үндэсний хэлбэртэй, татварын агуулгатай хүүхэд залуучуудын сэтгэхүй хөгжүүлэх  тоглоомын уралдаан, ЕБС-ийн сурагчдын дунд “Баялаг Өлзий”, “Баялаг Орд” ХХК-ний нэрэмжит зохион бичлэг, гар зургийн уралдаанийг тус тус зохион явуулсан байна. Харин энэ сарын 12-14-нд “RMB”, “Баялаг Дулаан” ХХК-ний нэрэмжит гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Б.Мөнхзул
Related news