Элэгний вирусын эмчилгээг 300 орчим хүн хийлгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-05-08 15:09:25

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг 2017-2018 онуудад нийтдээ 50 гаруй мянган иргэдийн элэгний вирусын халдвартай эсэхийг илрүүлэх, халдвар илэрсэн иргэдийн В.С вирусын идэвхжлийг тогтоох, идэвхжил өндөртэй иргэдийг эмчлэх, хянах үйл ажиллагааг "Элэг бүтэн монгол" үндэсний хөтөлбөрийн хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлэг, үндэсний төв лабораторуудтай хамтран зохион байгуулна.

Аймгийн хэмжээнд 1600 гаруй иргэн хепатитын В.С вирүсын халдвартай нь бүртгэгдээд байгаа бол одоогийн байдлаар 300 иргэн эмчилгээ хийлгэж байгааг албаныхан мэдээлсэн. Мөн В.С вирүстэй 1600 иргэдийн 68.3 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгааг мөн онцолж байсан.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Элэг бүтэн монгол"үндэсний хөтөлбөр нь Монгол Улсын хүн амын дунд хепатитийн вирүсийн халдварын тархалтыг хязгаарлан, хепатит С вирүсийн халдварын  голомтыг 2020 он гэхэд таслан зогсоож, вирүст хепатитээс үүдэлтэй элэгний хорт хавдар, хатуурлын шалтгаант нас баралтыг бууруулах зорилготой юм. Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын 15-аас дээш насны хүн амын дунд хепатитийн В, С вирусын халдварыг илрүүлэх,  эмчлэх, эрүүлжүүлэх арга хэмжээг зохион байгуулах ба 2017 онд 40-65 насны хүн амд, 2018 онд 15-39 насны хүн амд үе шаттайгаар зохион байгуулах юм байна.
Сонирхуулахад, Тус аймгийн Эрүүл мэндийн газар өнгөрсөн онд Элэг төвтэй хамтран зохион байгуулсан "Элэг бүтэн Баянхонгор" дэд хөтөлбөрийн хүрээнд сум, өрхийн эмнэлгийг түшиглэн 6000 хүнд В.С вирүсыг захын цусанд илрүүлэх өвөрмөц мэдрэг тестийг тавихад хепатитын С вирүстэй 664 хүн, В вирүстэй 392 хүн, В.С вирүс хавсарсан 21 хүн илэрчээ. Энэ нь түргэвчилсэн оношлуурт хамрагдсан хүн амын 18 хувьд халдвар илэрсэн дүн аж.

                                                                                                                       Б.Мөнхзул

Related news