Хэнтийн сэтгүүлчид нийслэлд хоёр дахь удаагаа айлчиллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Дөрөв дэх засаглал гэгддэг хэвлэл мэдээллийн салбарын ажилтнууд “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг улсынхаа нийслэл Улаанбаатар хотноо айлчлан, тэмдэглэн өнгөрүүллээ. 2015 онд мөн энэхүү арга хэмжээг ийн тэмдэглэж байсан уламжлалтай. Айлчлалыг МСНЭ-ийн Хэнтий аймаг дахь салбар зөвлөлөөс санаачлан, Хан Хэнтийн тодотголтой УИХ-ын гишүүд, аймгийн ИТХ, Хэрлэн сумын Засаг дарга дэмжлэг үзүүлж, хамтран ажиллав.
Энэ удаад бид Хэнтий аймгийн Нутгийн зөвлөл, Төрийн ордон, Батлан хамгаалах яам, Хэвлэлийн хүрээлэнгээр зочлон, төрийн түшээд, Нутгийн зөвлөлийн дарга нар, мэргэжил нэгтнүүдтэйгээ уулзан, тун завгүй хөтөлбөртэйгөөр хоёр өдрийг өнгөрүүлэв. Уулзаж ярилцсан хүн бүр хэвлэлийн эрх чөлөө, мэдээ мэдээллийн хүртээмж, хамтын ажиллагаа, аймаг орон нутгаа хөгжүүлэхээр төлөвлөж, хийж байгаа ажлуудын талаар олон сайхан яриаг өрнүүлж, нутаг орноо гэсэн халуун сэтгэлээр тун дотно хандаж байлаа. Эрхэм уншигч та бүхэнтэйгээ аян замын тэмдэглэлээсээ хуваалцаж байна.
МСНЭ-ийн Хэнтий аймаг дахь салбар зөвлөлийн бүрэлдэхүүн хоёр өдрийн турш Улаанбаатар хотноо айлчлан ажиллахдаа эхний өдөр Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн дэд дарга, Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, нарийн бичгийн дарга, “Ашид” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганхүлэг, гүйцэтгэх нарийн бичиг Г.Алтанцэцэг, Баян-Овоо сумын Нутгийн зөвлөлийн дарга, “Бизнес финанс” групп ХХК-ийн захирал Н.Гантулга, дэд дарга Р.Ариунбат нартай уулзалт хийлээ. Нутгийн зөвлөлийн бүрэлдэхүүнд улс төрийн томоохон хүчнүүдийн төлөөлөл, хөдөлмөрлөж амжилтад хүрсэн, бодит үлгэр дууриалал болсон олон хүмүүс байдаг бөгөөд хувь хүний идэвх оролцоог дэмжих, залуусын итгэл үнэмшлийг бий болгох, нэгдмэл хүчээр нутаг орноо хөгжүүлэх зэрэг олон тал дээр анхаарч ажилладаг юм байна. Хан Хэнтийн хөгжил дэвшил, ирээдүйн сайн сайхны тэмүүлэлд хэвлэл мэдээллийн салбарынхны оролцоо, хүчин чармайлт тун чухал гэдгийг уулзалтын үеэр онцлон хэлж байв.Бид Нутгийн зөвлөлийн албаны байранд уулзалт ярилцлагаа өндөрлөөд Хэвлэлийн хүрээлэнг зорилоо. Энд Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооны ерөнхийлөгч С.Шаравдорж хүлээн авч уулзаж, Монгол Улсад чөлөөт, бие даасан, олон ургальч хэвлэл мэдээллийг хөгжүүлэх, сэтгүүл зүйн мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, улс орны нийгэм, эдийн засаг, оюун санааны амьдралд хэвлэл мэдээллийн хэрэгслийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг олон нийтэд таниулан сурталчлах талаар мэдээлэл өглөө. Мөн Чөлөөт хэвлэл сангийн хэвлэх үйлдвэрийн үйл ажиллагаа, тоног төхөөрөмжүүдийг үзэж танилцав. Хэвлэлийн хүрээлэнгийн олон нийтийн мэдээлэл харилцааны зөвлөх, сэтгүүлзүйн багш Ц.Чимэддондог бидэнд сургуулиа танилцуулж, Сэтгүүл зүйн дээд курсийн оюутан залуустай сэтгүүл зүйн салбарын онцлог, Хэнтийн сэтгүүл зүйн салбарын ажил, амьдралын талаар яриа өрнүүллээ.
Үдийн хойно бид Глоб интернэшнл төв, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хамтран ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газар болон Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй уулзалт, хэлэлцүүлэгт оролцов.
Хоёр дахь өдөр Хэнтий нутгийн ард иргэдээ төрд төлөөлж буй сайд, УИХ-ын гишүүд Төрийн ордонд биднийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр МСНЭ-ийн Хэнтий аймаг дахь салбар зөвлөлийн дарга, сэтгүүлч С.Ган-Эрдэнэ Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдтэй хамтран ажиллах санамж бичгийг гардуулан өгөв. УИХ-ын гишүүн, БХЯ-ны сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Д.Гантулга нар орон нутгаа хөгжүүлэх, сэтгүүл зүйн салбарын үйл ажиллагааг дэмжих, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудыг сурч боловсрох, бусад байгууллага, улс орны туршлагаас судлах ажлыг дэмжин, хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.
Мөн УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэний урилгаар бид яамны үйл ажиллагаа, чиг үүрэг, зохион байгуулалттай танилцах аялал хийв. БХЯ-ны Соёмбо танхимд Батлан хамгаалахын сайд, газар, албадын дарга нар хүлээн авч уулзан, хэвлэл мэдээллийн салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа Ц.Байгалмаа, Б.Батмөнх, Д.Одонтунгалаг, Ц.Эрдэнэболд, А.Алтаншагай нарыг "Эх орны төлөө-3" хүндэт тэмдгээр шагнан, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудад БХЯ-ны дурсгалын тэмдгийг гардуулан өгөв. Хэвлэл мэдээллийн ажилтнууд “Соёмбо" сонин болон "Дуулга" телестудитэй танилцан, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын тоглолтыг үзэж сонирхсоноор бидний ажлын айлчлал өндөрлөлөө.
Энэ жил Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “Эгзэгтэй цаг мөчид эргэцүүлэн тунгаах ухаанаар хандах нь: Тайван, шударга, бүхнийг хамарсан нийгмийг хөгжүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг” гэсэн сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлсэн.
Хил хязгааргүй сэтгүүлчдийн байгууллагаас жил бүр гаргадаг Хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс өмнөх 2016 онтой харьцуулахад есөн байраар ухарч 69 дүгээр байрт жагсчээ. Парис төвтэй энэхүү байгууллага дэлхийн 180 орны хэвлэлийн эрх чөлөөний байдалд дүн шинжилгээ хийжээ. Эхний таван байрны дөрвийг нь Скандинавын хойгийн орнууд эзэлжээ. Тухайлбал, Норвег, Швед, Финланд эхний гуравт, дөрөв Дани, тавд Голланд оржээ.
Өнгөрсөн 2016 онд чөлөөт хэвлэлээрээ алдартай хөгжиж буй орнуудад хүртэл ухралт ажиглагдсаныг энэ жилийн тайланд онцолсон нь анхаарал татаж байна. Тухайлбал, өнгөрсөн жилийн жагсаалтаар 41-т жагсч байсан АНУ хоёр байр ухарч 43-т орсон нь шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональ Трамп хэвлэлийнхэнтэй дайн зарлаж, зарим хэвлэлийг гадуурхан Цагаан ордондоо оруулахаа больсонтой холбоотой аж. Мөн хойд Солонгос жагсаалтад сүүл мушгижээ. Өнгөрсөн онд Хойд Солонгос 179-т байжээ.
Жил бүрийн 5 дугаар сарын 3-ны өдөр “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” тохиодог. Эл өдөр хэвлэлийн эрх чөлөөний үндсэн зарчмыг дээдлэх, дэлхий дахинаа энэхүү эрх чөлөө хэрхэн хэрэгжиж буйд үнэлэлт дүгнэлт өгөх, хэвлэл мэдээллийн байгууллагын хараат бус байдлыг сахин хамгаалах, ажил үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн сэтгүүлчдийн гэгээн дурсгалыг хүндэтгэхийн тулд ийнхүү тэмдэглэдэг болсон юм.
Д.Одонтунгалаг