Б.Наранбат: Намын хороо амьд байхаасаа илүү ажил амьдрал буцалсан газар байх нь чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-05-06 19:31:21
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн МАН-ын хорооны дэд даргын сонгуульт албанд саяхан томилогдоод буй Баярсайханы Наранбатыг шинэхэн дугаартаа урьж ярилцлаа.

Тэрээр Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн. Авто зам, барилгын инженер мэргэжилтэй. Техникийн ухааны магистрант. Англи, Испани, Турк хэлтэй. Ажлын туршлагын хувьд 2009-2012 онд “Монроуд” ХХК-д инженер, Төслийн удирдагч, Барилга хариуцсан инженер2012-2013 онд “Пабликроуд” ХХК-ийн Гүйцэтгэх захирал2013 оноос МАН-ын Бага хурлын гишүүн2013-2014 онд Техник, технологийн дээд сургуульд Авто замын багш, Тэнхимийн эрхлэгч2014-2015 онд Зам тээврийн яамны харъяа Авто замын хяналт, эрдэм шинжилгээ судалгааны төв, Зураг төсөв, стандарт, норм нормативын хэлтсийн ахлах мэргэжилтэн, захирал2015 оноос Монголын авто замчин залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, 2015.04-2015.10 сард Зам тээврийн яамны харъяа Зам тээврийн хөгжлийн төвийн захирал 2015 оноос “Пабликроуд” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Хэнтий нутгийн манлайлагч залуусын нэг юм.

-Сайн байна уу? Хоёулаа ярилцлагаа саяхан болж өнгөрсөн МАН-ын ажилтнуудын зүүн бүсийн зөвлөлгөөний тухай мэдээллээр эхэлье гэж бодож байна.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Монгол Ардын Нам орон нутаг дахь намын ажилтнууд, удирдлагуудыг идэвхжүүлэх, хариуцлагын тогтолцоог сайжруулах, намын дотоод эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой "Эв нэгдэл, Хариуцлага, Ялалт" уриан дор "Намын ажилтны улсын зөвлөгөөн"-ийг  4 дүгээр сарын 8-20-ны хооронд улс орон даяар, бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулсан. Зүүн бүсийн "Намын ажилтны улсын зөвлөгөөн"-ийг манай аймагт 4-р сарын 12-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Зөвлөлгөөнд Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн 200 гаруй төлөөлөгчид оролцсон. 
-Яагаад хаалтай болсон юм бэ?
-Энэ удаагийн зөвлөлгөөн "Эв нэгдэл, Хариуцлага, Ялалт" уриан дор зохион байгуулагдсаныг дээр дурьдсан. Тэр утгаараа зөвлөлгөөнөөр эв нэгдлийн тухай, хариуцлагын тухай, намын дотоод асуудлууд яригдсан гэсэн үг. Ийм зөвлөлгөөнийг нээлттэй хийх нь мэдээж зохимжгүй, зохимжгүйгээс гадна хэнд ч сонирхолгүй байх.
-Хэнтий аймгийн МАН-ын хороо бага хурлаа хуралдуулж, шинэ бүтэц, бүрэлдэхүүнээ сонгосон байх аа?
-Хэнтий аймгийн МАН-ын хороо дүрмийнхээ дагуу өнгөрсөн 3 дугаар сард 31 дүгээр намын бага хурлаа хийж, өнгөрсөн 4 жилийн алдаа оноогоо дүгнэж, ирэх 4 жилд баримтлах бодлого чиглэл, үйл ажиллагаагаа тодорхойлж, аймгийн намын хорооны шинэ бүтэц бүрэлдэхүүнээ баталсан. Миний хувьд аймгийн намын хорооны гишүүдийнхээ олонхийн дэмжлэгийг авч дэд даргаар сонгогдоод хоёр сар болж байна.
- Таны хувьд аймгийн намын хорооны дэд даргын сонгуульт алба хаших болсон шалтгаан юу вэ?
-Миний хувьд энэ шийдвэрийг гаргахад тийм амар байгаагүй. Гэр бүл, найз нөхөд, журмын нөхөд гээд олон хүнтэй зөвлөлдөж байж гаргасан. Шалтгааны тухайд гэвэл мэдээж олон. Гэхдээ гол шалтгаан бол 2016 оны УИХ, орон нутгийн сонгуульд Хэнтийчүүд маань МАН-д харамгүй итгэл хүлээлгэж, үнэмлэхүй ялалт байгуулах нөхцлийг бүрдүүлж өгсөн. Тэр их итгэлийг зөвхөн сонгогдож томилогдсон гишүүд, төлөөлөгч, албан тушаалтнууддаа үүрүүлээд орхих биш намын хороо ачааны хүндийг үүрэлцэж байж дааж гарна. Тиймээс энэ 4 жилд аймгийн намын хороо урьд урьдынхаас илүү сайн ажиллах ёстой гэдэг талаасаа юм. Тэгж чадна гэж үзсэн учраас журмын нөхөд маань итгэл хүлээлгэсэн гэж ойлгож байгаа.   
- Улс төрийн ууган хүчин болох МАН-тай анх хэрхэн хувь заяагаа холбож байв даа? Мэдээж улс төрийн ажлын туршлага бий байх?
-Манай аав ээж 2 хоёулаа энэ намын идэвхтэй гишүүд. Ээж маань Бор-Өндөр хотын захирагч, сумын МАН-ын хорооны дарга хийж байсан болоод ч тэр үү ухаан орсон цагаасаа л энэ намын дэмжигч байж ирсэн. Харин гишүүнчлэлийн хувьд 2012 оны 11 сард буюу УИХ, орон нутгийн сонгуулийн дараа элсэж орсон. Энэ үед МАН шат шатны сонгуульд ялагдчихсан, улс төрийн намын хувьд амаргүй үе таарсан. Үндсэндээ тэр цагаас хойш МАН, тэр тусмаа Хэнтий аймгийн МАН-ын хороотой маш ойр ажиллаж ирсэн. Тэр утгаараа улс төрийн ажлын туршлага тодорхой хэмжээнд байгаа. Гэхдээ мэдэхгүй, чадахгүй зүйл багагүй гарах нь ойлгомжтой, гарч ч байна. Аль болох богино хугацаанд их зүйлийг ойлгож авахын төлөө л ажиллана даа. Хүн чинь насан туршдаа суралцдаг гэдэг биз дээ. Тиймээс энэ ажлыг хийх хангалттай туршлагатай гэж өөрийгөө дүгнэвэл өрөөсгөл болно.
- Та тэгээд ялагдсан намын гишүүн болж байсан хэрэг үү?
-Яг тийм.
-Одоо тэгвэл тун чухал цаг үе ирж шүү. Улсын шилдэг намын хороог удирдахдаа та цаашид ямар үүрэг хариуцлага, шаардлага цензур тавьж ажиллах вэ?
-Ирэх 4 жил аймгийн  намын хороо хэрхэн ажиллах талаар судалж л байна. Ялсан намын хороог удирдах, ялагдсан намын хороог удирдах хоёрын хооронд багагүй зөрүү байна гэж харж байгаа. Тиймээс эрх барьж байгаа намын хороо яаж ажиллах ёстой вэ гэдгийг л илүү судалж байна. Нэг тодорхой зүйл байгаа нь бид засаг барьж байх үедээ хийж хэрэгжүүлж байгаа ажлаа иргэддээ зөвөөр ойлгуулж чадаагүй үе байдаг. Тэр нь дараагийн сонгуулийн ялагдлын шалтгаан болсон тохиолдол ч бий. Тиймээс энэ тал дээр онцгой анхаарч ажиллана. Ингэхийн тулд намаас сонгогдсон төлөөлөгч нартайгаа маш сайн нягтарч ажиллах ёстой юм байна гэж харж байгаа.
-Тун удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Намын хороо бэлтгэл ажлаа хэрхэн хангаад байна?
-Сонгуулийн бэлтгэл ажил хийгдэж байгаа. Нэр дэвшигчид тодорчихлоо. Тун удахгүй илүү олон зүйл тодорхой болж, ажил ид өрнөж эхлэх байх.
- Цаашид намын эмэгтэйчүүд, залуучууд, ахмадуудаа дэмжих тал дээр ямар бодлого барьж ажиллах вэ?
-Сонгуулийн мөрийн хөтөлбөрт эмэгтэйчүүд, залуучууд, ахмадуудаа дэмжих талаар тодорхой заалтууд тусгагдсан байгаа. Тэр бүхэн хэрэгжээд явна. Харин намын дэргэдэх төрийн бус байгууллагууд болох ахмадын холбоо, эмэгтэйчүүдийн холбоо, залуучуудын холбоо, оюутны холбооны үйл ажиллагааг идэвхжүүлэх, сумдад салбар байгууллагуудыг сайн ажиллуулах шаардлага байгаа. Ингэхийн тулд төрийн бус байгууллагуудынхаа тэргүүлэгчидтэй уулзалтууд зохион байгуулаад, тодорхой санал солилцоод, эхнээсээ зарим нэг нь ажил хэрэг болж эхэлж байна.
- Хэнтий аймгийн МАН-ын хороо боловсон хүчин муутай гэсэн яриа байдаг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Санал нийлнэ, нийлэхгүй нь гэж дүгнэхийн тулд ямар нэг харьцуулах зүйлтэй байх ёстой байх. Тэр харьцуулах зүйл нь юу юм бэ? Ардчилсан намын боловсон хүчин үү? Хэрэв мөн бол нэг нь нөгөөгөө сайн, эсвэл муу гэж хэлээд байхаар биш гэж бодож байна. Гэхдээ сайн ч бай, муу ч бай аль ч нам нь боловсон хүчний тал дээрээ онцгой анхаарах асуудал их чухал. Энэ бол тодорхой хугацаанд хэрэгжүүлж эхлээд, тодорхой хугацаанд хийгээд дуусчихдаг ажил огт биш. Ямар ч даргын үед, ялсан ч ялагдсан ч тасралтгүй үргэлжлэх ёстой процесс юм.    
- Сумдын намын хороодын үйл ажиллагаа ямар түвшинд явна вэ?
-Сумдын намын хорооны ажил хэвийн үргэлжилж байгаа. Аймгийн намын хороо, сумдын намын хорооны хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах тал дээр багагүй зүйлийг санаачлах шаардлага бий.
-Намчирхал, талцал. Энэ үгийг, үйлдлийг та яаж хүлээж авдаг вэ?
-Намчирхал, талцалаас болж нутаг орны хөгжил дэвшил удааширч байгаа нь нууц биш. Аймгийн намын дэд дарга ингэж ярихаар зарим нэг хүмүүс гайхах байх. Гэхдээ бодит үнэн нь тэр. Намчирхах гэдэг юм уу, улс төржих гэх юм уу энэ талцал хуваагдалд хэмжээ хязгаар гэж байх ёстой. Миний бодлоор хөгжил гэдэг бол урьд өмнөх зүйлүүдээ засаад, залруулаад, сайжруулаад явахад ирдэг болохоос дандаа цоо шинийг санаачилсанаар юм уу, урьд өмнөхөө үгүйсгэснээр ирдэг зүйл биш. -Та залуу хүн. Нам харгалзахгүйгээр Хэнтий нутгийн залуус нэгдэх, хөгжих боломж байна уу? Танд ямар мэргэн санаа байна вэ?
-Нэг цаг үед ажиллаж, амьдрах залуучууд нэгдэх, нийлэх боломж мэдээж байгаа. Энэ тал дээр Хэнтий аймгийн нутгийн зөвлөл сайн ажиллаж байгаа гэж харж байна. Цаашид олон зүйл дээр нэгдэх, хөгжих боломж бидэнд гарна гэдэгт итгэлтэй байдаг шүү.
-Тэгвэл залуучуудыг ямар байгаасай гэж боддог вэ?
-Миний бодлоор залуучууд маань илүү мөрөөдөлтэй, зорилготой байгаасай гэж хүсдэг. Мөрөөдөлтэй байгаад түүнийхээ төлөө шаргуу хөдөлмөрлөж, тодорхой хугацааны дараа хийсэн бүтээсэн зүйлтэй, өнгөрүүлсэн амьдралдаа харамсах зүйлгүй өнгөрүүлээсэй л гэж боддог. Гэтэл одоо зарим залуучууд дүр эсгээд, хэн нэг хүний гар хөл болж явах нь илүүтэй анзаарагдах болсон. Гэхдээ би шүүмжлэхийг урьтал болгомооргүй байна. Яагаад гэвэл аливаа асуудалд олон шалтгаан, хүчин зүйлс байдаг. Тиймээс зөв талаас нь харахыг хичээдэг дээ.
-Харин бид ахмадуудаас юу авч үлдэх ёстой вэ?
-Хөгжил бол тасралтгүй үргэлжлэх ёстой процесс гэж бид ярьдаг. Хэрэв тийм бол тэр хөгжлийг 3 үеийн хэлхээнд авч үзэх хэрэгтэй байх. Өөрөөр хэлбэл ахмадууд нь чиглүүлдэг, дунд үеийнх нь шийдвэрийг гаргадаг, залуучууд нь зүтгэж, хөдөлмөрлөдөг байх учиртай. Ахмадууд бол тэр чигээрээ л архив гэсэн үг шүү дээ. Тэд нартай сайн ярилцдаг, зөвлөлддөг байх хэрэгтэй. Тэднээс сурч чадвал илүү ихийг богино хугацаанд чанартай хийх боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байдаг. 
- Намын дэд даргын үндсэн үүрэг бол намын хороогоо өдөр тутмын ажиллагаатай, амьд байлгах явдал гэж ойлгож байна? Та цаашид Хэнтий аймагтаа суурьших уу?
-Намын хороог амьтай байлгах нь миний зорилго биш. Ажил, амьдрал буцалсан газар байлгах нь миний зорилго. Намын байгууллага гэдэг хийе гэвэл дуусаж дундрашгүй их ажилтай байж болдог, хийхгүй гэвэл хэн ч шахаж шаардаад байдаггүй онцлогтой. 
-Та гэр бүлээ танилцуулаач?
-Манай гэр бүлийн хүн Сүхбаатар аймгийн гаралтай Төмөрбаатарын Хэрлэн гэж бүсгүй бий. Санхүүгийн чиглэлийн мэргэжилтэй, төрийн байгууллагад ажилладаг. Бид арван жилээ төгсөөд л танилцсан, таван настай, хоёр настай хоёр хүүтэй.
- Таны ажлын ойрын зорилго төлөвлөгөө юу байна вэ?
-Мэдээж Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирчихсэн энэ үед ойрын зорилго төлөвлөгөө үүнтэй холбогдоно. Сонгуулийн бэлтгэл ажилтай уялдуулж, аймгийн намын хорооны ирэх 4 жилд ажиллах суурийг тавихын төлөө ажиллаж байна. Жишээ нь намын гишүүдийнхээ бүртгэлийг илүү нарийвчлах, намын дэргэдэх төрийн бус байгууллагуудынхаа үйл ажиллагааг идэвхжүүлэх гэх мэт олон ажлууд төлөвлөгдсөн байгаа.
- Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.
-Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн.
 Д.Одонтунгалаг
 
 
Related news