АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр үлдээлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГВАШИНГТОН./TASS/. АНУ-ын Төв банкны үүргийг гүйцэтгэдэг Холбооны нөөцийн сан /ХНС/ бодлогын хүүг өөрчлөлгүйгээр 0,75-1,0 хувийн түвшинд хэвээр үлдээлээ.
Холбооны нөөцийн сан ийм шийдвэр гаргана гэдгийг санхүүгийн зах зээлд оролцогчид урьдчилаад мэдэж байсан юм. Энэ нь бодлогын хүүг 6 дугаар сард нэмэгдүүлэх гэж байгаагийн нотолгоо гэж мэргэжилтнүүд үзэж байгаа ажээ.
“Нээлттэй зах зээлийн талаар гуравдугаар сард болсон ХНС-гийн хуралдаанаас хойш авсан мэдээллүүдээс харахад, хэдийгээр эдийн засгийн идэвхжилтийн хурд саарч байгаа ч гэсэн хөдөлмөрийн зах зээлийн байдал сайжирсаар байна” гэж хуралдааны дүнгийн талаарх мэдэгдэлд дурдсан байна.
“Энэ оны эхний улиралд өсөлт удааширсан нь шилжилтийн үзэгдэл юм, иймээс мөнгө зээлийн бодлогод бага зэргийн өөрчлөлт оруулснаар эдийн засгийн идэвхжилт алгуур хурдаар нэмэгдэх төдийгүй хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдал улам сайжирч, инфляцийн түвшин дунд хугацаанд 2 хувийн орчимд тогтворжих юм” хэмээн дээрх баримт бичигт тэмдэглэжээ.
Энэ бүхнээс харахад, ХНС Америкийн эдийн засгийн ойрын ирээдүйн талаар санаа зовох үндэслэл байхгүй гэж үзэж байгаа бололтой. Тиймээс мөнгө зээлийн бодлогыг хэвийн болгохын тулд цаашдын алхмуудыг хийх юм байна гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, банкны зээлийн хүүг буцаагаад ердийн түвшинд нь тогтооно гэсэн үг юм. Одоогийн байдлаар бодлогын хүү доогуур хэвээр байгаа гэдгийг ХНС хүлээн зөвшөөрч байна. Ойрын ирээдүйд ийм нөхцөл байдал бүхэлдээ хэвээр хадгалагдана.
Мэргэжилтнүүд болон хэвлэл мэдээллийнхний таамаглаж байгаагаар, бодлогын хүүг нээлттэй зах зээлийн Хорооны 6 дугаар сард болох хуралдаанаар өсгөх бололтой. Бодлогын хүүгийн одоогийн энэ түвшнийг 3 дугаар сард тогтоосон билээ. Үүнээс өмнө бодлогын хүү 0,25 хувиар доогуур байсан юм. Тухайн үед ХНС "он дуусах хүртэлх хугацаанд бодлогын хүүг дахин хоёр удаа өсгөхөөр төлөвлөж байгаа" гэдгээ мэдэгдэж байсан билээ.
О.Барс