Нүүдэлчдийн наадмаар уламжлалт ахуйг газар дээр нь үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-05-02 16:59:06
Завхан /МОНЦАМЭ/. Улаагчны Хар нуурын эрэгт болох нүүдэлчдийн наадам гурван өдөр үргэлжлэх бөгөөд монгол ахуй, мал аж ахуй,  шашин,  урлаг соёл, гар урлал, үндэсний спортын төрлийг нэг дор үзүүлэх ажээ.
Тухайлбал 108 морин хуур эгшиглүүлж цамын бүжиг, бөөгийн  шашины зан үйлийн үзүүлбэрээр нээлтээ хийхээр төлөвлөж байна. Мөн тэмээн жингийн цуваа үзүүлбэр, тэмээн сүйх тэрэг, ижил зүсмийн  морьдын үзүүлбэр, үхэр тэрэгний цуваа гэхчлэн таван хошуу малыг эцэг, эх, төлтэй нь хамт бэлчээрлүүлэх юм байна.
Таван хошуу малаа бэлчээр дээр нь гүү саах, саасан сүүгээр айраг исгэх, цагаа бэлдэх, цагаан идээг газар дээр нь боловсруулах, чөдөр ногт зангидах, сур элдэх, эсгий хийх, ноос савах гэхчлэн нүүдэлчдийн өдөр тутмын амьдралыг харуулсан малчдын тусгай отгууд байгуулах ажээ. Өдөр бүр өөр өөрийн онцлогийг харуулсан бог малын баяр, бод малын баяр, зан үйл уламжлалыг харуулсан ардын урлагийн тоглолтууд, бөхийн барилдаан,  хасаа харваа, үндэсний сурын харвааг харуулсан бэсрэг наадам зохион байгуулах юм байна. Мөн уран уургач, уран бугуйлч, эмнэг сургагчдын улсын уралдаан энэ үеэр болох аж.
Наадмын үеэр Завхан нутгийн урчуудын урласан малын арьс, шир, ноос ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа явагдаж шинэ үүлдрийн  эцэг малын үзэсгэлэн худалдаа болох юм.
Б.Мягмарсүрэн  
Related news