Оюунлаг Хөвсгөлчүүд шилдэг оюутны тэтгэлэгт хөтөлбөр эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-26 10:32:38

УИХ-ын ишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн хүүхэд, залуучуудын оюуны хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор олгодог оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг 4 дахь жилдээ зарлаж байна.

Тэтгэлэгийг онц, сайн дүнтэй суралцдаг, аймаг, бүс, улс, олон улсын чанартай төрөл бүрийн уралдаан тэмцээнд амжилттай оролцдог, олон нийтийн ажилд идэвхтэй оролцож сургууль, нутаг орныхоо нэрийг өндөрт өргөж яваа оюунлаг,  манлайлагч оюутнуудад олгодог бөгөөд УИХ-ын гишүүний цалингаараа үүсгэн байгуулсан тэтгэлэгийн сангаас өнгөрсөн 3 жилийн хугацаанд 100 орчим сая төгрөгийг нутгийнхаа оюутнуудад олгожээ.

Энэ жилийн хувьд сурлагын голч дүн нь 3,2 буюу 80 хувиас доошгүй, нийгэм, олон нийт, сайн үйлсийн ажилд манлайлан оролцдог, урлаг, гоо зүй, уран зохиол, сэтгүүл зүй, спорт, бизнес, аж ахуйн аль нэг төрлөөр амжилт гаргасан байх шаардлага тавьж байгаа бөгөөд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан буюу тэтгэлэг хүртсэн оюутнууд хамтран нийгэмд тустай жижиг хэмжээний төсөл боловсруулан хэрэгжүүлэх буюу томоохон төсөл хөтөлбөр сургалтуудад оролцох гэнэ. Оюутнуудын материалыг 11 сарын 10 хүртэл хүлээн авч шилдэг оюутнуудыг 12-р сарын эхээр тодруулж тэтгэлэгийг гардуулах ажээ.

Б.Гантуяа

 

Related news