12 суманд 24 цагийн цэцэрлэг ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-04-18 17:54:13

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг даргын санаачилгаар мал төллөлт, ноолуур самнах зэрэг малчдын ид ажлын үеэр 12 сумын 14 багт сургуулийн өмнөх насны боловсрол олгох төв буюу 24 цагийн цэцэрлэг байгуулан ажиллуулж байна.

Хөдөөд амьдардаг сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг хөгжүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор байгуулагдсан тус 24 цагийн цэцэрлэгүүд багш, туслах багш, тогооч, туслах ажилтан гэсэн 4 хүний орон тоотойгоор ажиллаж байгаа аж. Өөрийн санаачлан эхлүүлсэн ажлын явцтай танилцах зорилгоор аймгийн Засаг дарга Г.Батжаргалаар ахлуулсан ажлын хэсэг Эрдэнэцогт сумын Сэнжитийн Нэгдүгээр багийн төвд байгуулагдсан 24 цагийн цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус цэцэрлэгт 3-5 насны 25 хүүхэд бүртгэлтэй. Эцэг эхчүүд даваа гарагийн өглөө хамгийн хол нь 30 км, ойр нь 4 км-ээс хүүхдүүдээ авч ирж өгөөд баасан гарагийн орой гэр рүү нь авч явдаг байна. Ажлын 5 өдөрт нь ажлаа амжуулаад, амралтын өдрүүдээр хүүхдүүдээ гэртээ аваачихдаа цэцэрлэгт сурсан шинэ дуу шүлэг, бүжиг наадгайг нь харж сонсож баясдагаа эцэг эхчүүд ярьж байсан.

Аймгийн удирдлагуудын зүгээс хотын төвлөрлийг сааруулах бодлогыг баримталж байгаа ба үүний хүрээндээ багийн үйл ажиллагааг эрчимжүүлхээр тодорхой дэмжлэгүүдийг ч үзүүлж буй. Аймгийн Засаг дарга тус цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ Сэмжит багийг "Багийн жишиг төв" болгож, цэцэрлэг сургуулийн хосолмол үйл ажиллагааг бүрэн хэмжээнд явуулах барилгыг энэ онд шинээр барихаар болсоноо мэдэгдлээ. Барилгын ажлыг тус сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Э.Энхбат барихаар болжээ. 

                                                                                                                           Б.Мөнхзул


Related news