"Оросын зэсийн компани" Удоканы төслийн 50 хувийг эзэмшинэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМОСКВА. /TASS/. Алишер Усманов ба түүний түншүүдийн “USM Holdings” компани хяналтын багцыг нь эзэмшдэг "Байгалын уул уурхайн компани" Игорь Алтушкины "Оросын зэсийн компани"-тай /Русская медная компания/ хамтран Удоканы зэсийн ордод олборлолт хийнэ.
И.Алтушкин төслийн 50 хувийг эзэмшиж магадгүй байна. "Оросын зэсийн компани"-ийн оролцоо нь дүн шинжилгээгээр хязгаарлагдахгүй бөгөөд “мөнгөний тал" дээр ч оролцоно гэж Усманов тодруулжээ.
Тэрбээр банкны санхүүжилтэнд найдаж байгаагаас гадна "Оросын зэсийн компани"-ийн туршлага уг төслийг амжилттай хэрэгжүүлэхэд тус дэм болно гэж үзэж байгаа аж.
“Хөрөнгө хэнд ч байхгүй, хөрөнгө зөвхөн банкуудад л байгаа. "Оросын зэсийн компани" уулын баяжуулах комбинатын төслийг хэрэгжүүлсэн ихээхэн туршлагатай, тус компани хоёр ч уулын баяжуулах комбинатыг хөл дээр нь босгож чадсан. Эдгээр үйлдвэрүүд нь бусад компануудаас хавьгүй илүү үр ашигтай ажиллаж байна. Бид энэ компанид итгэж байна, гэхдээ бид зэсийн бизнес эрхэлдэг ямар ч компанитай шударга, тэгш байдлын үндсэн дээр хамтран ажиллахад нээлттэй байна” гэж Усманов нэмж хэлжээ.
Орост хамгийн томд ордог Удоканы зэсийн орд нь 27 сая нөөцтэй бөгөөд дэлхийн том ордуудын нэг гэж тооцогддог байна. Энэ орд Байгалын чанадах хязгаарын /Забайкальский край/ Каларын районд оршдог.
О.Барс