Г.Мөнхтайван: Ажилсаг хөдөлмөрч зан чанар жаргалтай хангалуун амьдралыг бий болгодог
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/. Өрөм, зөөхий, тосоор бялхаж байдаг Дадал нутгийнхны тансаг хангалуун амьдрал нь ажилсаг хөдөлмөрч чанарт нь байдаг гэлтэй.
Ус ургамал элбэгтэй газар нутагтаа найдаад гараа дэрлээд хэвтдэг буриад хүн энэ нутагт нэгээхэн ч үгүй. Зуны сартай уралдан хадлангаа хадаж, өвөлдөө өвдөгнөөс нь дааруулахгүй гэж малдаа бууц хашаа саравчийг нь бэлтгэж дулаална. Дадал нутгийн буриадууд дасаж сурснаараа үхэр голдуу малладаг. Монгол улсын Хөдөлмөрийн баатар Цэрэнгийн Чойдорж, анхны Манлай саальчин Аюушийн Цэрэнханд, Нанзадын Доржханд нарын нутгаас төрөн гарсан алдартнуудын түүх арвин. Энэ л нутгийн хөдөлмөрч ард түмний нэгэн төлөөлөл нь Хэнтий аймгийн аварга малчин Гүрцэдэнгийн Мөнхтайван юм. Хоймор нутгийн энэ эгэл малчинтай уулзаж, хэдэн хором хуучилсанаа уншигч танд хүргэж байна.
-Сайн байна уу? Хаваржаа тавлаг сайхан байна уу?
-Сайн. Сайн байна уу? Сайхан хаваржиж байна. Их Эзэн Чингис хааны өлгий нутгаас Хан Хэнтий нутгийн зон олондоо гал тахиа жилийн хаврын дунд сарын энэ сайхан өдрийн мэндийг хүргэе.
-Нутаг ус, аав ээжийн тань тухай яриагаар ярилцлагаа эхэлье?
-Эцэг эх маань энэ сайхан Дадал нутагт төрж өссөн. Би ч бас үүх түүх, хөдөлмөрч ард түмний өлгий болсон Дадал нутагтаа хүн болж, өдийг хүртэл амьдран сууж байна. Миний аавыг Дашийн Гүрцэдэн, ээжийг маань Цэрэнгийн Балжид гэж сайхан буурлууд байлаа. Миний эцэг эх 13 хүүхэд төрүүлж өсгөсөн. Би дороосоо 2 дахь хүүхэд нь юм. Ажилсаг, хөдөлмөрч байхын сайн сайхныг би аав ээжээсээ суралцаж, тэднийхээ үлгэр жишээгээр өдий зэрэгтэй амьдарч байна. Аав ээж маань нэгдэл нийгэм гэж байх үед мал маллаж байгаад улмаар сумын төвдөө амьдрах болж, аав маань тракторын курсэд суралцаж тариаланч, ээж маань ногоочин болсон гэдэг. Эцэг эх маань 30 гаруй жил тариа ногоо тарьж, аав минь аймгийнхаа 3 удаагийн Аварга тариаланч, ээж минь сумынхаа 2 удаагийн Аварга ногоочин болж байсан бахдам түүх бий. Газар тариалангийн тэр их ажлынхаа хажуугаар 13 хүүхдээ бусдын жишигтэй өсгөж, хүмүүжүүлж байсан тэднээрээ маш их бахархдаг.
-Яагаад мал маллах болсон юм бэ?
-Миний багад аав ээж маань мал малладаг байсан болохоор би гэдэг хүн малд хайртай, мал маллах сонирхолтой хүүхэд байлаа. Энэ сонирхолдоо хөтлөгдөн 1990 онд илгээлтийн эзэн болж, мал дээр гарч байсан юм. Анх 8 дугаар ангиа төгсөөд төрсөн ах Г.Гантөмөртэйгөө нэгдлээс 150 хонь, 2 морь түрээсээр авч хөдөө гарч байсан. 16-хан настай хүүхдээрээ шахуу л мал дагасан даа.
-Анхлан мал маллаж байхад амаргүй байсан биз?
-Анх мал маллаж байхад хэцүү үе олон тохиолдож байсан. Малынхаа бэлчээр ус, идэш уушийг яаж тааруулахаа мэдэхгүй, цасан шуурга, бороо шороонд хонио уруудуулах шахан явдаг л байсан. Харин тэр үед аав ээж маань тэтгэвэртээ гарсан хүмүүс байсан болохоор мал маллах арга ухааныг зааж, сургаж өгдөг байлаа. Мөн ах дүү, нутгийн олноосоо асууж сураглана. Ингэж л малчин болох гараагаа тавьж байлаа шүү дээ.
-Түүнээс хойш 27 хаврыг үджээ дээ. Одоо танайх хичнээн толгой мал маллаж байна вэ?
-Тийм ээ, би 27 дахь жилээ мал аж ахуйн салбарт хүчин зүтгэж явна. Манайх 300 гаруй толгой мал маллаж байгаа. Үүнээс 200 гаруй нь үхэр, бусад нь адуу болон хонь ямаа байдаг. Манай Дадал нутгийн малчид үхэр голдуу малладаг онцлогтой. Шар тарлан гэж мах сүүний чиглэлийн эрлийз үхрийн сүрэгтэй. Ашиг шим ихтэй болохоор үхрээ голлон өсгөдөг юм.
-Малчны хотонд төлийн дуу цангинаад эхэллээ. Энэ хавар танайх хичнээн төл хүлээн авах төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Мал маань төллөөд эхэлчихсэн. Манайх үхрээ 2010 оноос айлуудад түрээсээр өгдөг болсон. Тийм болохоор энэ жил хотонд маань 30 гаруй үнээ тугална. Нийт малаасаа 100 гаруй төл хүлээн авна.
-Мах сүүний чиглэлийн шар тарлан үхрийн онцлог нь юу байдаг вэ?
-Нэгдэл гэж байх үед манай улс цэвэр үүлдрийн симменталь үхрийг ОХУ-аас авч ирж байсан. Одоо бол нэлээд хэдэн аймагт тархсан байгаагийн нэг нь манай аймаг юм. Симменталь үхэр маань цайвардуу тод ягаан, шар, улаан тарлан зүстэй, хамрын толио, завьж, сормуус нь цайвар, үнээний дэлэнгийн урд хэсэг хойдохоосоо мэдэгдэхүйц сул хөгжсөн онцлог шинжтэй байдаг. Монгол үхрийг бодвол эрс тэс уур амьсгалд дасан зохицохдоо муу. Өвлийг давахдаа хангалттай хэмжээний өвс, хужир, шүү, даршаар хооллож, дулаан хашаа саравч, бууц хэвтэртэй байлгаж байж онд ордог арчилгаа ихтэй мал шүү дээ.
-Даршаа яаж бэлтгэдэг юм бэ?
-Манай Онон голд гогд гэж шим тэжээл ихтэй өвс ургадаг. Энэ өвсийг хадаж, даршилдаг. Жилдээ 2 тонн 500 кг дарш бэлтгэж малдаа өгдөг. Даршаа бэлтгэхдээ хадсан өвсөндөө бор давс хольж, нүхэн зооринд 5 саруй хадгалдаг. Даршийг зун 8 сард бэлтгэн зооринд хийж, өвөл 1,2 сард гаргаж малдаа өгдөг. Малд их сайн тэжээл болж өгдөг юм.
-Сүүний чиглэлийн үхэртэй болохоор сүү сааль элбэг байдаг байх. Сүү цагаан идээгээ хэрхэн боловсруулж байна вэ?
-Бид сүү цагаан идээгээ маш сайн боловсруулдаг. Саасан сүүгээ машиндаж цөцгий гаргана. Цөцгийг нь авсан хөх сүүгээ айраг болгон, тогоо нэрж нэрмэл гаргана. Нэрмэлнийхээ аарцыг ааруул болгоно. Цөцгийгөөрөө масло цохино. Сүүнээс гарах бүтээгдэхүүн маш олон төрөл шүү дээ. Сүү цагаан идээгээ сумын төв, аймгийн төв, нийслэл хотод борлуулдаг. Зарим үед хөдөөгүүр наймаачид явж, цагаан идээ худалдан авдаг. Цагаан идээ бидний амьжиргааг залгуулдаг гол орлогын маань эх үүсвэр юм даа.
-Та өөрийн гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Миний ханийг Цэрэндашийн Баярмаа гэдэг. Манайх 2 хүү, 1 охинтой. Хамгийн том хүү Эрдэнэчулуун маань Эрдэнэт хотод ЕБС-ийн 10 дугаар ангид сурдаг. Удаах хүү Мандахнар маань Дадал сумын ЕБС-д суралцаж байна. Бага охин Номингоо маань цэцэрлэгт хүмүүжиж байгаа. Бас миний бүрлээч ахын гэр бүл манайхтай айл саахалт амьдардаг. Ахын маань хөвгүүд болох М.Боргио, М.Нямдорж гэж хоёр сайхан залуу бий. Энэ хоёрыгоо мал маллах арга ухаанд сургаж, мэддэг зүйлсээ зааж байдаг. Тэд маань миний гэр бүлээс ялгаагүй олон жил хамтдаа айл хотол болон амьдарч явна даа.
-Удам залгах сайн малчны сураг байна уу?
-Одоогоор хүүхдүүд маань бага байгаа ч гэлээ Мандахнар хүүгээ малчин болж магадгүй гэж шинжээд байгаа. Малд их дуртай, мал маллах сонирхолтой хүүхэд. Хүүхэд багачууд маань хичээлийнхээ амралтаар гэртээ ирж, төл хүлээн авах их ажлыг нугалалцаж байна.
-Аймгийн аварга маань өмнө нь ямар шагнал урамшуулал хүртэж байв даа?
-Миний хувьд 27 жил мал маллахдаа 2010 онд “Хадлан тэжээл -2010” улсын уралдааны 1-р байр, 2015 онд Сумын сайн малчин, 2015 онд Сумын шилдэг хандивлагч, 2016 онд Аймгийн аварга малчин цол тэмдгээр тус тус шагнагдаж, хөдөлмөр бүтээлээ үнэлүүлж байсан. Малчин бидний ариун цагаан хөдөлмөрийг өндрөөр үнэлж, хүндтэй сайхан шагналын эзэн болгосон явдалд манай гэр бүл тун их талархалтай байгаа. Дадал сумынхаа нийт ард түмэн болон аймаг сумынхаа удирдлагуудад баярлалаа. Та бүхний юу санасан есөн цагаан хүсэл сэтгэлчлэн бүтэж байх болтугай.
-Бидний урилгыг хүлээн авч, цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Тун удахгүй Улсын аварга малчин цолын эзэн болохын сайхан ерөөл дэвшүүлье.
Д.Одонтунгалаг