Хэнтий аймгийн хэмжээнд 55661 хадгаламж эзэмшигч иргэн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймаг дахь банкуудад 2017 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн байдлаар нийт 55661 хадгаламж эзэмшигч иргэн 52 тэрбум 566,389 мянган төгрөгийн хуримтлал үүсгэсэн байна.
Үүнээс 1 сая хүртэл төгрөгийн хадгаламжтай иргэд 90 хувийг нь бүрдүүлж байгаа бөгөөд 48840 хадгаламж эзэмшигч 11 тэрбум 351,844.2 мянган төгрөгийн хуримтлалтай байна.
Харин 100 сая төгрөг хүртэл хадгаламжтай 6785 хадгаламж эзэмшигч 28 тэрбум 179,243.1 мянган төгрөгийн хуримтлалтай байгаа бол 36 хадгаламж эзэмшигч 23 тэрбум 35,302.5 мянган төгрөгийн хуримтлалыг тус тус үүсгэжээ.
Мөн 356 иргэн 408 сая 877 мянган төгрөгийн дүнтэй тэнцэх вальютын хадгаламж эзэмшиж байна.
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2017 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс банкны хадгаламж эзэмшигч бүрээс хадгаламжийн хүүний орлогоос нь 10 хувийн татвар авах шийдвэр гаргасан.
Жишээ нь: Иргэн та 1 сая төгрөгийг, нэг жилийн хугацаатай 15 хувийн хүүтэйгээр хадгаламжийн гэрээ хийсэн бол жилд 150,000 төгрөгийн орлого олно. Үүнээс 10 хувийн буюу 15.000 төгрөг, сард 1.250 төгрөгийн татвар улсад төлнө гэсэн үг юм.
Д.Одонтунгалаг