Газар өмчлөх явц 46.9 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны 12 дугаар сарын 05-ны тогтоолоор 2017 онд Сайншанд сумын нутаг дэвсгэрт нийт дөрвөн байршилд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн.
Эл шийдвэрийн дагуу Сайншанд сумын ЗДТГ-ын Газрын алба иргэдээс газар өмчлөх хүсэлт бүхий өргөдлийг энэ оны гуравдугаар сарын 20-ноос эхлэн хүлээн авч буй.
Газар өмчлөлийн явц ямар байгаа талаар Сайншанд сумын ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын тасгийн дарга Л.Олзбаяраас тодруулахад “Сайншанд сумын хэмжээнд энэ онд нийт 842 иргэнд 157,9 га газрыг үнэ төлбөргүй өмчлүүлэх шийдвэр гарсан.
Одоогийн байдлаар 60 гаруй иргэний газар өмчлөх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж байна. Өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад иргэдийн идэвх бага зэрэг сул байна.
Сумын хэмжээнд 2003-2016 оны хооронд 10897 иргэн 2254.94 га газрыг хуулийн дагуу үнэ төлбөргүй өмчилж авсан.
Энэ тоог Сайншанд сумын хүн амын тоотой харьцуулахад газар өмчлөх явц 46.9 хувьтай байна” гэв.
Х.Эрдэнэбулган