Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-04-06 16:56:07

Дорноговь/МОНЦАМЭ/.Гуравдугаар сарын 29-нд Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоосон. Мал, амьтны  гоц халдварт шүлхий  өвчний нөхцөл байдлын мэдээлэл сонсох, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэхээр тус аймгийн Онцгой байдлын комиссын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр боллоо.

Дэлгэрэх сумын өвчний голомтоос гадна дөрөвдүгээр сарын 03-нд Эрдэнэ сумын нутаг Цагаан хөтөл багийн малчин О.Жаргалсайхны хотонд малын гоц халдварт шүлхий өвчин гарсныг тогтоож, өвчилсөн 16 хонь, 27 ямааг тусгаарлажээ.

Энэ сарын  06-ны байдлаар хоёр голомтын таван малчин өрхийн 27 мал өвчилснийг устгалд оруулсан байна. Малын гоц халдварт шүлхий өвчний голомтод нийт хяналтын найман цэг, хөдөлгөөнт зургаан эргүүл, 36 хүн, 10 техник хэрэгсэл  үүрэг гүйцэтгэж буй.

Шүлхий өвчнөөс урьдчилан  сэргийлэх тарилгад дэлгэрэх, Өргөн, Эрдэнэ сумын нийт 17443 үхрийг тарилгад хамруулсан аж.

Мал, амьтны  гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулж аймгийн Онцгой байдлын комисс хоёр удаа, шуурхай Ажлын хэсэг нэг удаа хуралдсанаас гадна хил залгаа сумдуудын хөдөлгөөнийг хязгаарлах, ард иргэдэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээлэл хүргэх, Онцгой болон Мэргэжлийн хяналт, ХХААГ-аас бүрдсэн Ажлын хэсгийг Дэлгэрэх суманд ажиллуулах  зэрэг олон ажлыг шат дараатай зохион байгуулж байна.

Мөн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанаар өвчлөл гарсан сумдуудад мал болон тээврийн хэрэгслийн  шилжилт хөдөлгөөнийг бүрэн хориглох, төмөр замын гарц гармуудыг хаах, өвчлөл гарсан сумдуудын ажлын  хариуцлага алдсан албан тушаалтнуудад  хариуцлага тооцох, ажлын хариуцлагыг дээшлүүлж ажиллах зэрэг  үүрэг  даалгаврыг холбогдох  албаны хүмүүст өгөв.

Х.Эрдэнэбулган

Related news