Дархад дууны цоморлогт 800 гаруй дуу багтжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-03-31 23:24:47

Хөвсгөл \МОНЦАМЭ\ Хөвсгөл аймаг нь Хотгойд, Дархад, Урианхай, Буриад, Цаатан зэрэг олон ястны өлгий нутаг юм.

Тус аймгийн Улаан-Уул, Рэнчинлхүмбэ, Цагааннуур. Баянзүрх сумын дархад ястан өөрийн гэсэн өвөрмөц аялгуутай дуулдаг дууг дархад дуу гэдэг. 2016 оны УИХ-ын сонгуулиар хоймор нутагт нэр дэвшсэн П.Цагаан дархад зон олонтой золгон учрахдаа дархад ардын дуугаа ямар ч донж маяггүй дуулж өв соёлоо тээн яваа ард түмнийг бахархан энэ өв соёлыг нь үр хойчид өвлүүлэх зорилгоор 825 дархад дууг газар усны нэр, үгсийн сангийн өвөрмөц үгсийн тайлбарын хамт цоморлог болгон хэвлүүлжээ.

Тус номонд дархад дууны аман яруу найргийн судалгааны бүтээл болгон бүтээх үйлсэд сэтгэл санаа оюунаа зориулан дархад ардын дууны аман хувилбаруудыг эмхтгэн, домог хууч хавсарган, судлаач нарын задлан шинжилгээг нэгтгэжээ. Дархад дуу нь зөвхөн дархад ястны төдийгүй аймгийн хэмжээнд түгэн дэлгэрч өргөн дуулагддаг болжээ. Эрдэмтэн судлаачдын судалж бүртгэснээр 700 орчим дархад дуу байна гэж үздэг бол энэ удаагийн номонд хамгийн их буюу 800 гаруй  дууг олж нийтэлжээ.

Дархад дууны ая нь ганган, үг нь оновчтой, цэц сайтай онцлог нь хөг аялгадаа байдаг ажээ. Дархад дууг бүртгэн тэмдэглэж цуглуулах судлах ажил 1959 оны сүүлчээс эхэлж И.Лхамжав гэдэг хүн дархадуудын дунд дуулагддаг 102 дууг хүмүүсээс тэмдэглэн авч “Дархадын гайхамшигт уянгаас" нэртэй эмхтгэл болгон 1960 онд хэвлүүлж байжээ.    

Б.Гантуяа 

Related news