Б.Явуухулангийн нэрэмжит шагналаар хоёр сурагчийг шагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-03-30 16:49:06

Завхан /МОНЦАМЭ/ Завхан аймагт хүүхдийн “Хүрэл тулга” яруу найргийн наадам болж 60 гаруй хүүхдүүд өрсөлдлөө.

Наадам хоёр насны ангиллаар гурван даваатай болж 23 сум сургуулийн 63 хүүхэд өрсөлдсөн байна. Дунд нас буюу 6-9-р ангийн сурагчдаас Улиастай сумын Чандмань Эрдэнэ үндэсний лаборатори сургуулийн сурагч Ц.Дүүрэнжаргал түрүүлж удаахь байруудад Жавхлант цогцолбор сургуулийн сурагч Э.Номин-Эрдэнэ, Цагаанхайрхан сумын сурагч Н.Мягмардаш, Яруу сумын сурагч Г.Янжмаа нар удааллаа.

Харин 10-12-р ангийн сурагчдаас тэргүүн байрыг Завханмандал сумын 12-р ангийн сурагч С.Энхсанаа тэргүүлж Шилүүстэй сумын сурагч С.Дүүриймаа, Их-Уул сумын сурагч Б.Батцоож, Түдэвтэй сумын сурагч н.Пүрэв-Очир нар удааллаа.

Ахлах, дунд насны ангиллын оролцогч яруу найрагчдаас өнгөрсөн жилийн ”Хүрэл тулга” наадмын тэргүүн байрын эзэн Түдэвтэй сумын сурагч н.Пүрэв-Очир, Идэр сумын сурагч Г.Бүрэнтэгш нарыг шалгаруулж Явуухулангийн нэрэмжит медалиар аймгийн Төв номын сангаас шагнажээ.

Энэ жилийн “Хүрэл тулга” наадмын онцлог нь Дорнын их найрагч Бэгзийн Явуухулангийн 88 насны ойтой давхцан болж буйгаараа онцлог болов. "Явуу-88" арга хэмжээний хүрээнд аймгийн Утга зохиолын нэгдэл, Завхан сонины газар аймгийн Төв номын сангаас наадмыг ивээн тэтгэж шагналт байр эзлэсэн 13 хүүхдэд мөнгөн шагналыг олгожээ. Түүнчлэн наадмын үеэр аймгийн Төв номын сангаас шинэ номын үзэсгэлэнг гаргалаа.  Үзэсгэлэнд сүүлийн хоёр жилд хэвлэгдэн гарсан Монголын болон Завхан аймгийн шилдэг яруу найрагч, үргэлжилсэн үгийн 20 гаруй зохиолчдын 80 шахам номыг дэлгэн тавьжээ.

Б.Мягмарсүрэн

Related news