Гавъяат эмчийн нэрэмжит онол практикийн бага хурал болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-03-30 10:32:41

Дундговь/МОНЦАМЭ/ Хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламжийн шууд үр дүн эмнэлэг, эмнэлгийн ажилтны тоогоор биш, үзүүлж байгаа тусламжийн чанар, эмчийн мэдлэг  боловсролоос  шууд хамаардаг. Эмч хүн мэдлэг чадвараа байнга дээшлүүлэхээс гадна хийж байгаа ажилдаа судалгаатай ханддаг байх нь амжилтын үндэс болдог гэж Хүүхдийн зөвлөх эмч, клиникийн профессор, Монгол Улсын Хүний гавъяат эмч Б.Ганхөлөг хэлж байна. Энэ үүднээс тэрээр өөрийн нэрэмжит онол практикийн бага хурлыг зохион байгуулав.

Залуу эмч нарын дундаас  анагаах ухааны салбар дахь ололт амжилтын олон эзэд төрөөсэй гэдэг хүслээр гавъяат эмч 2012 оноос  эхлэн жил бүр Дэлхийн эмч нарын өдрөөр өөрийн нэрэмжит онол практикийн бага хурлыг ийнхүү зохион байгуулдаг болжээ.

“Жил ирэх бүрт эмч нарын тавьж байгаа илтгэл улам чанаржиж байгаад би баяртай байдаг. Ноднин л гэхэд манай эмч нарын 2 илтгэл анагаах ухааны салбарын төвийн хэвлэлүүдэд нийтлэгдсэн. Энэ бол онол практикийн хурлыг тогтмол зохион байгуулсаны үр дүн болж байгаа” гэж Б. Ганхөлөг эмч ярилаа.

Онол парктикийн бага хуралд  Сайнцагаан сумын ЭМТ- ийн нийгмийн эрүүл мэндийн ажилтан А.Мөнхчимэг “Өмнөговь аймгийн 2014- 2015 оны үр хөндөлтөд хийсэн судалгаа”, Зоонозын өвчин судлалын төвийн биологич М. Урансугир Дундговь аймагт хийсэн хачигт халдварын тандалт судалгаа”, Нэгдсэн эмнэлэгийн нүүр ам судллын их эмч Э.Лхагвасүрэн “Уруул тагнайн төрөлхийн сэтэрхийд хийсэн судалгаа”, Нэгдсэн эмнэлэгийн халдвар судлаач эмч н.Мөнх- Од “2016 онд гарсан улаанбурхан өвчний хөдлөл зүйн судалгаа” сэдвээр тус тус илтгэл тавьсан.

Эдгээрээс Зоонозын өвчин судлалын төвийн биологич М. Урансугир, Сайнцагаан сумын ЭМТ- ийн нийгмийн эрүүл мэндийн ажилтан А.Мөнхчимэг нарын илтгэл шалгарч, Монгол Улсын хүний гавъяат эмч Б.Ганхөлөгийн нэрэмжит шагналын эзэд болов.

Т. Отгонтуяа 

 

Related news