Ерөнхий сайд Ховдын эмнэлгийг өргөтгөх санхүүжилтийг шийдвэрлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-03-23 09:41:39

Ховд /МОНЦАМЭ/.Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  тэргүүтэй УИХ Засгийн газрын гишүүд өчигдөр Ховд аймгийн төв дэх Баруун бүсийн оношлогооны төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Ховд аймгийн Бүсийн оншилгоо эмчилгээний төвийн барилгыг өргөтгөх шаардлагатай техник тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангамж дутагдалтай байгаа зэрэг хүндрэл учирч байсныг Засгийн газрын дэмжлэгээр шийдвэрлэхээр болсноо Ерөнхий сайд дуулгалаа. Ховд аймгийн төвд байрлах Баруун бүсийн оношлогооны төвийн барилгыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өргөтгөхөөр болжээ. Баруун бүсийн иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжирч хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт багаж хэрэгслээр тус төв тоноглогдох юм. Бельги улсын Засгийн газрын санхүүжилтээр тоног төхөөрөмжийн шинэчлэлтийг 2 жилийн хугацаанд шатлалаар хийж гүйцэтгэнэ. Үүний өмнө Монгол Улсын Засгийн газар 2,5 тэрбум ам.долларын санхүүжилтийг шийдвэрлэснээр дээрх төсөл хэрэгжих нөхцөл үүснэ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат төсвийн тодотголд тусгуулж шийдвэрлүүлэх боломжтой гэлээ.

Баруун бүсийн оношлогооны төв нь 1987 онд ашиглалтанд орж, тухайн үед 50 мянган хүн амд үйлчилж байсан бол өнөөдөр Ховд аймгийн иргэд 80 гаруй мянгад хүрээд байна. Мөн 2016 оны тоон үзүүлэлтээс дурдвал Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Увс зэрэг баруун аймгуудаас 6700 гаруй иргэн ирж үйлчүүлсэн байна.

Ерөнхий сайд Ховд аймгийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзаж, ажил байдалтай танилцах үеэр тус эмнэлэгт түргэн туслажийн үйлчилгээнд зоруилж пургон машин өгөв. 

А.Бямбасүрэн

Related news