“Пепси лиг”-ийн есдүгээр тойрог өндөрлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-03-13 14:40:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МХБХ, Пепси брэндтэй хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж буй футзалын “Пепси лиг”-ийн есдүгээр тойргийн тоглолтууд амралтын өдрүүдэд болов.

Футзалын УАШТ-д түрүүлэн “Пепси лиг”-т оролцож байгаа “Гоёо”, БХИС-ийн “Соёмбын барсууд” багууд энэ тойргийн эхний тоглолтыг хийж “Соёмбын Барсууд” хүчтэй өрсөлдөгчөө 3:5-аар буулган авч “Пепси лиг”-ийг хожлоор өндөрлүүлэв.

Энэ тоглолтын дараа аваргын төлөө өрсөлдөж буй “Дэрэн”, “Сэлэнгэпресс” клубтэй тулж, өрсөлдөгчөө 2:9-өөр хожсон “Дэрэн” 25 оноотой боллоо. Серби мэргэжилтэн Вочислав Бралусичийн удирдсан “Дэрэн” клуб сүүлийн тойрогт 34 тоглолт дарааллан хожил байгуулсан “Унаганууд”-ыг хожвол аварга болох боломж нээлттэй.

Ням гарагийн эхний тоглолтод “Хоромхон”, “Арвис” клубтэй тоглоход “Хоромхон” 14:4-өөр илүүрхэж, хүрэл медалийн болзол хангалаа. Хүрэл медалийн эрхээ өвөртөлсөн “Хоромхон”-ы лидерүүд мэргэн бууч болохын төлөө сүүлийн тойрогт “Атлетик 220” багтай тоглоно.

Есдүгээр тойргийн сүүлийн тоглолт Футзалын УАШТ-ээс эрхээ аван өрсөлдсөн "Бумаасанаа" болон "Сэлэнгэпресс" багуудын хооронд өрнөлөө. Энэ тоглолтод "Бумаасанаа"-г 5:8-аар буулган авсанаар тааруухан өнгөрүүлсэн улиралаа "Сэлэнгэпресс"  хожлоор дуусгасан байна.

Д.Өлзий

Related news