Цуулбар гэрийг зөвхөн Завханд уламжлалт аргаар үйлдвэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-03-04 01:03:29

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймаг тахиа жилийн босгон дээр тодорсон улс аймгийн аварга малчид, алдарт уяачиддаа аймагтаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг бэлэг болгон өгчээ.

Тодруулбал улс, аймгийн сайн малчиддаа Тосонцэнгэл сумд үйлдвэрлэсэн иж бүрэн монгол гэрийг бэлэглэжээ. Тосонцэнгэл сум нь модон эдлэл, төрөл бүрийн сийлбэр, хээтэй үндэсний монгол гэр үйлдвэрлэдэг уламжлалаараа улсад нэлээд дээгүүр байрт ордог. Мөн орон нутагтаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сурталчлах хэрэглэх хэрэглээ, худалдан авалтыг нэмэгдүүлэхээр аймгаас бодлого гарган ажиллаж байгаа билээ. Тиймээс Завхан аймагт үйлдвэрлэсэн гэрийг энэ жил улсын аварга малчдад өгөх тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд санал тавьжээ. Ингэснээр Завхан аймгаас төрсөн зургаан улсын аварга малчин, Говь-Алтай аймгаас төрсөн зургаан улсын аварга малчны 12 гэрийг Тосонцэнгэл сумын урчууд үйлдвэрлэж бэлэглэсэн байна. Тосонцэнгэл сумд үйлдвэрлэсэн энэхүү гэр нь цуулбар унь, хорол тоонотой, таван ханатай цоохор гэр юм. Тосонцэнгэл сумаас гадна Их-Уул, Тэлмэн, Идэр зэрэг мод ихтэй сумдад цуулбар унь, ханатай монгол гэрийг монгол аргаар үйлдвэрлэдэг технологи зөвхөн Завхан аймагт л байдаг ажээ.

Цаашид Завханы Засаг даргын “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих тухай” захирамжийн биелэлтийн нэг хэсэг болсон энэхүү үйл ажиллагаа нь орон нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлж байгаа бөгөөд ирэх жилүүдэд мөн улсын аварга малчдад өгөх гэрийг аймагтаа үйлдвэрлэхийг зорьж буй юм байна.

Б.Мягмарсүрэн

 

Related news