Цагаан сарын үеэр зарим зорчигчдод хямдралтай үнээр үйлчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-03-04 00:57:36

Завхан /МОНЦАМЭ/. Завханы хот доторх нийтийн тээвэр баярын үеэр ачаалал ихтэй ажиллажээ.

Завханы төв Улиастай хотын захиргаанаас өнгөрсөн сар шинийн өдрүүдэд нийтийн тээврийн автобуснуудын тоог нэмж уртасгасан цагаар үйлчилгээнд гаргажээ. Энэ өдрүүдэд бусад өдрүүдээс илүү ачаалал ихтэй байсан хэдий ч зарим зорчигчдод тарифаа хямдруулан үйлчилжээ. Тухайлбал өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд багачуудад үнэ төлбөргүй үйлчилж харин насанд хүрэгчдэд 500 төгрөгийн билетээ 400 болгож шинийн гурван хүртэл үйлчилжээ. Улиастай сумаас иргэдийн нийтийн тээврээр үйлчлүүлэх зардлыг хэмнэх, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор аймгийн ядуурлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд захын хороололын иргэдэд хүрч үйлчилэх “Автобус дэд хөтөлбөр”-ийг тав дахь жилдээ хэрэгжүүлж байгаа ажээ.

Тус хөтөлбөрийн хүрээнд автобус бүрт байршлыг хянах GPS төхөөрөмж суурилуулж, автобусны буудлуудыг шинэчлэн сайжруулах ажил хийгдээд байгаа аж. Буудал бүрийн гэрэлт самбарт автобусны явах чиглэл, цагийн хуваарийг байршуулахтай холбогдуулан иргэдээс үйлчилгээний чиглэл, цагийн хуваарийн талаар нэмэлт саналыг мөн авч байгаа аж.

Б.Мягмарсүрэн

Related news