Snap компанийн хувьцааны үнэ эхний өдрөө 50 хувиар өсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
sarnai@montsame.mn
2017-03-03 13:36:35

НЬЮ-ЙОРК. /NBCnews/. Снапчат компани пүрэв  гарагт Нью-Йоркийн Хөрөнгийн бирж дээр нэг ширхэг хувьцаагаа 24 доллараар худалдаж эхэлсэн даруйд хувьцааных нь үнэ 50 гаруй хувиар өсчээ.

Лхагва гарагт биржийн мэдээллийн самбарт СНАП нэрээр өөрийн 200 сая хувьцаагаа нэг бүрийг нь 17 доллараар худалдаж эхэлсэн тус компанийн IPO нь төлөвлөснөөс 12 дахин давлаа гэж эх сурвалж мэдээлжээ.

Пүрэв гарагийн өглөөний 11:20 цагт Нью-Йоркийн Хөрөнгийн бирж дээр тус компани нэг ширхэг хувьцаагаа 24.40 доллараар худалдаж эхэлсэн бөгөөд хувьцааны үнэ нь 44 хувиар өсч 64 сая хувьцаа зарагджээ.

Хувьцаагаа 24 доллараар зарж эхэлснээр тус компанийн зах зээлийн үнэлгээ 33 тэрбум доллар болж өсч, Марриотт, Таргет зэрэг компаниудын хэмжээнд хүрсэн байна. Байгуулагдаад удаагүй байгаа зурган мессежний үйлчилгээ явуулдаг тус компани  өнгөрсөн онд 515 сая долларын алдагдал хүлээснээ зарлаж байсан билээ. Хэдий тийм боловч хөрөнгө оруулагчид тус компанийн 26 настай залуу удирдагч, хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Еван Шпигельд ихээхэн найдвар тавьж байна.

Шпигель өөрийн сүйт бүсгүй загвар өмсөгч Миранда Керрийн хамт арилжааны хонхыг цохихоор пүрэв гарагийн өглөө хөрөнгийн биржид ирсэн бөгөөд үүнийгээ баримтжуулан зургаа авахуулж апп дээрээ байрлуулжээ. 

Х.Сарнай

 

 

 

Related news