Toshiba-гийн ТУЗ-ийн дарга огцорно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГЛОНДОН. /BBC/. Японы "Toshiba" компанийн Захирлуудын зөвлөлийн дарга Сигэнори Сига тус компани олон тэрбумын алдагдал хүлээсэн тухай мэдээлэл гарсны дараа огцрохоо мэдэгдлээ.
2 дугаар сарын 14-ний шөнө Toshiba жилийн эцсийн тайлангаа нийтлэх гэж байгаа ба уг тайланд алдагдлын хэмжээг тодорхой тусгаж, мөн тус компанийн АНУ дахь салбар болох Westinghouse Electric-ийн актив хөрөнгийн үнэлгээний дүнг хассан нь компанид ямар хохирол учруулсныг тодруулах аж.
Энэ салбарын асуудал нэлээд эртнээс яригдаж эхэлсэн юм. Өнгөрсөн оны 12 дугаар сард Toshiba компани Westinghouse Electric-ийн актив хөрөнгийн үнэлгээг хасах шаардлагатай болсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд үүний дараагаар Toshiba компанийн хувьцааны үнэ унасан билээ.
Westinghouse Electric-ийн асуудлын цаад шалтгаан нь 2015 онд тус компани Chicago Bridge & Iron компаниас цөмийн объект барих төслийг худалдан авсан явдал юм. Хожим нь худалдан авсан активын зах зээлийн үнэлгээ нь төсөөлж байснаас хавьгүй бага болох нь тодорхой болсон байна.
Актив хөрөнгийн үнэлгээг хассанаар компанийн алдагдал 6 тэрбум ам.доллар орчим байна гэж шинжээчид таамаглаж байсан хэдий ч Toshiba-гийн 2 дугаар сард нийтлэгдэх тус компанийн жилийн эцсийн албан ёсны тайлан гарахыг хүлээсэн нь дээр гэж үзжээ.
Харин компанийн удирдлага сүүлийн мөчид тайлангаа нийтлэхийг хойшлуулахыг хүсчээ. Тайланг ингэж хойшлуулахыг хүссэн нь тус компани актив хөрөнгийн үнэлгээг хасах талаар аудитын компаниудтай тохиролцож чадаагүйтэй холбоотой ажээ.
Энэ бүхний эцэст Сигэнори Сига огцрохоо мэдэгдсэн байна. Үүний дараа компани 3 дугаар сарын 31-нээр дуусгавар болж буй санхүүгийн жилийн алдагдлын хэмжээг баримжаалсан байдлаар ил болгосон юм. Компанийн алдагдал нь ойролцоогоор 3,44 тэрбум ам.доллар болохоор байгаа аж.
Үүнээс нэг жилийн өмнө компани 6 тэрбум ам.долларын алдагдалд орсон гэж мэдэгдэж байсан юм. Үүнийхээ дараа сүүлийн 7 жилийн хугацаанд олсон ашгаа зохиомлоор өсгөн мэдээлдэг байснаа хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрсэн байна. Тус компани энэхүү зүй бус үйлдлийнхээ төлөө торгууль төлж байжээ. Энэ явдлаас бас нэг жилийн өмнө компани 4,6 тэрбум долларын алдагдалд орсон гэж мэдэгдэж байсан байна.
О.Барс