"Байдраг" үүлдрийн хонь шилдгээр шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-10-19 15:27:56

Улаанбаатар хотод болсон “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээний хүрээнд “Шилмэл мал 2015” үзэсгэлэн худалдаа болжээ.

Тус арга хэмжээнд Баянхонгор аймгийн Жаргалант сум Цөм сүргийн үржлийн аж ахуй ”Байдраг” үүлдрийн хуц,  эм хониор, Шинэжинст сум “Залаажинст-Эдрэн” үүлдрийн бүдүүн, өсвөр ухнаар тус тус оролцсон байна. Ийнхүү шилмэл малаар Жаргалант сумын “Байдраг” үүлдрийн эм хонь шалгарчээ.

Сонирхуулахад, Байдраг үүлдрийг 1983 онд баталгаажуулж байжээ. Энэ хонийг үржүүлэх анхны ажлыг малзүйч Ц.Арвий, Б.Мягмаржав нар санаачлан эхэлж, Говь-Алтайгаас Завханы Алдархаанд, тэндээсээ Баянхонгорын Байдрагийн тэжээлийн сангийн аж ахуйд тус тус шилжүүлэн өсгөн үржүүлж ирсэн түүхтэй аж. 

Байдраг үүлдэр нь бэлчээрийн маллагааны нөхцөлд зохицсон, чийрэг бие цогцостой, мах, өөх, бүдүүвтэр ноосны чиглэлтэй. Өөхөн сүүл нь бусад омог хониныхоос арай урт. Байдраг хонины ноос хялгасгүй, торгомсог, гялалзсан цагаан өнгөлөг, ноос нь урт 35 см хүрдэг учир дэлхийн хамгийн урт ноостой хонины үүлдэр хэмээн үнэлэгддэг. Ноосорхог, биерхэг, урт ноостой удмуудтай. 

Б.Мөнхзул

Related news