Засгийн газраас олгосон мөнгө, эд материалын зарцуулалтад хяналт тавихыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-01-20 23:29:39

Өвөлжилт хүндэрч буй аймгуудын нөхцөл байдалтай газар дээр нь танилцах зорилгоор Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүх тэргүүтэй бүрэлдэхүүн ажиллаж байна. Тэдний хувьд өнгөрсөн даваа гаригт Хэнтий аймагт хүрэлцэн ирж, 3 хоногийн хугацаанд ажиллав.

Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ,  НҮБ-ын Хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалт хариуцсан зөвлөх Жэсс Гарана, НҮБ-ын Сангийн зайн оношлогоо хариуцсан зөвлөх н.Шинэтөгс, Чех улсын “People in need”  байгууллагын Монгол дахь салбарын тэргүүн Квентин Мороу, “Каритас Чех” байгууллагын Монгол дахь  салбарын захирал Александр Балсон, “Мерси кор” ОУБ-ын дэд тэргүүн Крейг Редмонд болон аймаг орон нутгийн удирдлагууд ажиллалаа.

Шадар сайд томилолтынхоо эхэнд өвөлжилт хүндэрсэн Баянмөнх, Дадал, Баян-Адрага сумдад Засгийн газраас олгож буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх 3 автомашиныг гардуулсан юм.  Мөн аймгийн Онцгой комиссыг хуралдуулж, өвөлжилтийн нөхцөл байдлын талаарх мэдээлэлтэй танилцан, үүрэг даалгавар өглөө.

Тэрбээр хэлсэн үгэндээ: “Засгийн газрын тогтоолоор өгсөн үнэгүй өвс, тусламжаар олгосон бараа материал, мөнгөн хөрөнгийн зориулалт, зарцуулалтад хяналт тавьж, тусламж нэн шаардлагатай байгаа малчид, иргэдэд саадгүй хүргэхэд аймаг, сумын Онцгой комисс, холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай. Өнгөрсөн өвөл улсын нөөцөөс малчдад үнэгүй олгосон өвсийг хуваарилахдаа тээврийн зардал нэмж, ард иргэдээс мөнгө нэхэж авсан, Засгийн газрын тогтоол шийдвэрийг гуйвуулж нугалаа гаргасан тохиолдол хэд хэдэн аймагт гарсан. Ийм асуудал гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллахыг захилаа. Мөн байгалийн гэнэтийн аюулт үзэгдэл хүчтэй цасан болон шороон шуурга зэрэг гамшгийн улмаас хүн ам хүрээлэн байгаа орчныг хамгаалах, урьдчилан сэргийлэхэд төрийн байгууллагууд бэлтгэл бэлэн байдлаа хангаж, хүн хүч техник хэрэгслээ зөв хуваарилж, шуурхай арга хэмжээг цаг алдалгүй авч ажиллах хэрэгтэй” гэв.

Энэ үеэр “Мерси кор” Олон Улсын  байгууллагаас хэрэгжүүлж буй “Даван туулах,  дасан зохицох чадвартай орон нутгийн иргэд” төсөл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай байгуулах санамж бичигт “Мерси кор” ОУБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Рамеш Сингх болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле нар гарын үсэг зурсан юм.

"Даван туулах,  дасан зохицох чадвартай орон нутгийн иргэд”  төсөл нь орон нутаг дахь махны үйлдвэрийг дэмжих замаар ард иргэдийн амжиргааг сайжруулан орлогыг нэмэгдүүлэх зорилготой ажээ.

Шадар сайд У.Хүрэлсүх, аймгийн Засаг дарга Н.Ганбямба нараар ахлуулсан ажлын хэсэг өвөлжилт хүндрэлтэй байгаа Баян-Адрага, Дадал, Норовлин, Баянмөнх сумдын нөхцөл байдалтай танилцаж, тус сумдын малчдад  210 тонн өвс болон малын тэжээл, эд материалын тусламж үзүүллээ.

Манай  аймгийн хувьд өнгөрсөн оны 11,12 дугаар сард цас их хэмжээгээр орсоноос болж, Баян-Овоо, Батноров, Дадал, Биндэр, Батширээт, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Жаргалтхаан, Хэрлэн сумдад  өвөлжилт хүндэрч, цасны зузаан тэгш газартаа 5-30 см, хунгарласан газартаа 40-60 см болж,  цасан бүрхүүл тогтсон, байнга явган шуурга шуурч байгаагийн улмаас цасны зузаан 2-3 см, зарим газартаа 8-9 см хүрч хатуурч мал бэлчээрлэлтэд сөргөөр нөлөөлж байна.

Дээрх 11 сум нь цагаанаар зудархуу ангилалд багтаж байгаа бөгөөд Баянхутаг сум,  Хэрлэнбаян-Улаан тосгонд туурайн зуд үүсэх нөхцөл байдал үүсээд байгаа юм.

Иймээс Шадар сайд Засгийн газраас олгож буй мөнгө, эд материалын зарцуулалтад хяналт тавих, хүн амын эрүүл мэндэд онцгой анхаарал тавих, өвөлжилт хүндэрсэн малчин өрхийн судалгааг гарган бүхий л талаар дэмжлэг үзүүлэх, аймаг орон нутгийн төсөв хүрэлцэхгүй тохиолдолд Улсын онцгой комисст хандан тусламж хүсэхийг үүрэг болголоо.

Д.Одонтунгалаг

Related news