“Бидний амжилт” сэдэвт тайлант үзэсгэлэн болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-16 16:02:19

Дорноговь аймгийн Сайншанд хотод жижиг дунд бизнес  эрхлэгчдийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Бизнес инкубатор”  төв бойжигчдынхоо  “Бидний  амжилт” үр дүнгийн тайлант  үзэсгэлэнг зохион байгууллаа.

Энэхүү үзэсгэлэн худалдаанд “Бизнес инкубатор” төвийн үйлчилгээнд хамрагдсан  жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид бүтээгдэхүүн үйлчилгээгээ дэлгэн олон нийтэд сурталчилсан юм. Талх, нарийн боов, гар урлал, дээл, хувцас, гутал гээд хүний өргөн хэрэглээний олон нэр төрлийн барааг Дорноговьчууд  үйлдвэрлэж чаддаг болсон байна.  Тус төв 2012 оноос хойш 69 бойжигчийг  бизнесээ өргөжүүлэхэд нь тусалснаас гадна сургалт,  зөвлөгөө мэдээлэл өгөх үйлчилгээг 784 иргэнд өгч нийт  204 сая орчим төгрөгийн санхүүжилтийг орон нутгийн төсвөөс авч зарцуулжээ. Харин 2015 оны байдлаар 76 сая төгрөгийн санхүүжилт авахаар аймгийн ЗДТГ-тай гэрээ байгуулан ажиллаж байна.

“Бизнес инкубатор” төв нь дөнгөж бизнес эхэлж байгаа болон хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэдэд бизнес хийх арга зүйн зөвлөгөө өгч  ямар ч түрээс авалгүйгээр тодорхой хугацаанд ажлын байр, өрөө тасалгаагаар хангаж ажилладаг юм. Тус төвөөр үйлчлүүлсэн хөдөлмөр эрхлэгчид  нарийн боовны чиглэлээр“ Мандах баян говь” ХХК, оёдлын “Уран шаглаа” зэрэг компанийг байгуулан  амжилттай ажиллаж байгаа бол хувь хүний хариуцлагагүй байдлаас болж    амжилтгүй муутай яваа хөдөлмөр эрхлэгчид ч байгаа аж.       

Х.Эрдэнэбулган

 

Related news