Завханы малчдын тоо буурч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-01-18 02:58:49

Завханд малчдын тоо 2010 оноос хойш 4,5 хувиар буурчээ.

Энэ нь залуу малчид шинээр гарч ирэхгүй байгаа, ган, зуд, малчдын суурин газарлуу шилжих зэргээс шалтгаалж байгаа аж.

Нийт малчдын 70.0 хувь нь 35-аас дээш насны малчид байна. 15-34 насны малчид 30 хувиар буурсан байна. Харин малтай өрхийн тоо өнгөрсөн оноос 755-аар буюу 6.2 хувиар, малчин өрхийн тоо 549-өөр буюу 6.6 хувиар тус тус өсчээ. Аймгийн  нэг хүнд дунджаар 48 толгой мал, нэг өрхөд 162 толгой мал, нэг малчин өрхөд  387 толгой мал  тус тус ногдож байна. Аминдаа малтай 12.9 мянган өрх,  үүнээс 8.8  мянган малчин өрхийн 17.0 мянган малчид мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж байна.  Амины малтай өрх нь аймгийн хэмжээний  нийт өрхийн  61.3 хувийг эзэлж байна.  

Завхан аймаг 597 мянгат малчинтай болжээ

2016 онд 12931 малтай өрх, 8807 малчин өрх тоологджээ.

Малтай өрхийг малын тоогоор нь бүлэглэн авч үзвэл аймгийн дүнгээр нийт амины малтай өрхийн 3.9 хувь нь 10 хүртэл малтай. Мөн 15.4 хувь нь 51-100 малтай,  10.2 хувь нь 501-1000 хүртэл малтай, 4.6 хувь нь 1000 дээш малтай өрхүүд тус тус эзэлж байна. Нийт амины малтай өрхийн 57.7 хувь нь 200 хүртэл малтай байна. 2016 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 3406.2 мянган толгой мал үүнээс 1379.8 мянган хээлтэгч тоологдож, өнгөрсөн оноос нийт мал сүрэг  8.7  хувиар буюу  273.2  мянгаар өссөн байна. Тооллогын дүнгээр Алдархаан сум бүгд 260.9 мянган малаар, 137.0 мянган ямаагаар, Их-Уул сум 15.7 мянган адуугаар, 25.2 мянган үхрээр,  140.8 мянган хониор,  Дөрвөлжин сум 2.0 мянган тэмээгээр тус тус  тэргүүлжээ.

2016 оны жилийн эцсээр Завхан аймаг 597 мянгат малчинтай боллоо.

Завханд мал сүргийн зохистой бүтэц бүрдэж байна

Завхан аймагт  2016 онд 131.2 мянган том мал зүй бусаар хорогджээ.

Оны эхний малын 4.2 хувь, нийт хорогдолд өвчний хорогдол 0.3 хувь,  91.7 хувь нь бог малын хорогдол эзэлж байна. Том малын зүй бусын хорогдлыг өнгөрсөн онтой харьцуулахад 3.9 дахин өссөн байна. Эх малын 88.2 буюу 1111.0 мянган эх мал төллөж, гарсан төлийн 94.4 хувь буюу 100 эхээс аймгийн дүнгээр 83 төл хүлээн авчээ. Нийт мал сүргийн  дотор тэмээ 0.2 хувь, адуу 5.4 хувь,  үхэр 5.1 хувь, хонь 50.8 хувь, ямаа 38.5 хувийг тус тус эзэлжээ.

Бод мал, хонин сүргийн  хувийн жин нэмэгдэж сүргийн зохистой бүтэц бүрдэж байна. Тооллогоор нийт 1379.8  мянган хээлтэгч тоологдсон нь өнгөрсөн оноос 120.7 мянгаар өсч,  нийт сүрэгт хээлтэгчийн эзлэх хувийн жин 40.5  хувьд хүрчээ.

Б.Мягмарсүрэн

Related news