Ч.Энхтуяа:Аялал жуулчлал гэдгийг ганцхан амралтын газраар төсөөлж болохгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-01-14 18:21:22

Завхан аймгийн Аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Ч.Энхтуяатай уулзаж Завханд аялах аялал жуулчлалын хөтөч гарын авлагын талаар тодруулга авлаа.

-Сайн байна уу? Аймгийн Аялал жуулчлалын холбооныхон Завханд аялах маршрутыг шинэчлэн гаргаж батлуулжээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Тиймээ манай холбоо  2012 онд 11 гишүүнтэйгээр байгуулагдан одоо дөрөв дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд бид аймагтаа аялал жуулчлалыг хөгжүүлэх, төрийн бодлогыг дэмжин ажиллах, аймгийнхаа газрын доорх баялагаа ашиглах биш харин газар дээрх баялаг болох байгалийнхаа унаган төрхийг хүмүүст үзүүлж орон нутгийнхаа эдийн засагт хувь нэмэр оруулах зорилгын дагуу үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Байгуулагдсан цагаасаа хойш бид багагүй ажлыг хийж амжуулаад байна. Үүний нэг бол жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг ITM хэмээх Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулдаг томоохон зочид буудал, зоогийн газрууд болон бүх аялал жуулчлалын компаниуд оролцдог нэгдсэн аялал жуулчлалын үзэсгэлэнд бид дөрөв дэх жилдээ амжилттай оролцсон. Энэ бол маш их үр өгөөжтэй ажил. Өнгөрсөн жил бид энэ үйл ажиллагаанд оролцсоноор дотоодын жуулчдыг өмнөх оныхоос 100 хувь давуулан авч чадсан. Мөн Завхан аймагт аялах аялал жуулчлалын гурван маршрут гаргаад батлууллаа. Энэ маршрутыг Завхан аймгийн аялал жуулчлалын газрын зураг нэртэйгээр боршур хийж 4000 орчим хэвлүүлж тараагаад байгаа. Завхан аймагт аялах сонирхолтой дотоодын болон гадаадын жуулчид, аялагчид энэ газрын зургаар хөтөч хийж аялах боломжтой. Энэхүү аялал жуулчлалын газрын зурагт аймгийн тухай тоон баримт мэдээлэл, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагуудын үйлчилгээ, үнэ тарифын дэлгэрэнгүй мэдээлэл, аялалын гол маршрут бүс нутаг дахь үзэсгэлэнт газар нутгийн танилцуулга мэдээлэл, жуулчны баазуудын танилцуулга газрын зураг байршил, рашаан, сувилал, зочид буудал, дэн буудлуудын танилцуулга үнэ тариф, үйлчилгээний мэдээлэл, аялалын дөрвөн гол маршрутыг газрын зурагт дэлгэрэнгүй танилцуулсан томоохон сурталчилгааны гарын авлага болсон байгаа.

-Хөтөч газрын зургаасаа тодруулж нэг маршрутыг нэрлэвэл?

-Жишээ нь аяллын Маршрут-1 нь байгалийн өвөрмөц тогтоц бүхий хангай, говь хосолсон тусгай сонирхлын аялал байгаа. Аялал Завхан аймгийн Улиастай хотоос эхэлнэ. Улиастай хотоос Их монгол жуулчны баазруу явна. Баазын дэргэдэх Хатавчийн амны хүн чулууны хөшөөг үзээд  Загастайн давааг давж энэ зуур аялагчид энэ давааны үүх түүхээс сонсож түүхэн газрыг үзнэ. Үүний дараа  Идэр сумын төвөөр орж Ногоон нуур дахь Маргад ембүү жуулчны баазад бууна. Энэ баазад говь, хангайн байгалийн тогтцыг морь, тэмээгээр үзэж малчин айлын нэг өдөртэй танилцаж өөрсдийн гараар сүү цагаан идээ боловсруулах, айраг исгэх, мал муулах гэх зэрэгтэй танилцана.  Нийт туулах зам нь 95 км. Дараа нь Цагаан нуур, Идэр сумын төвТун, Жаргалангийн нол, Бөхөн шарын даваа, Тэгшийн голын үдлэх цэг туулах зам нь 50 км. Тэгшийн голоос Баяжихын даваа Хангайн нурууны Марз уул, Хожуулын голын рашаан сувиллаар ороод байгалийн үзэсгэлэнт газартай танилцаад Тосонцэнгэл сум орно. Тосонцэнгэл сумаас Мэргэний давааны Тэлмэн нуур, Долоон товгор элсэн манхан, Ангирт нуурын хөвөөнд Замбага жуулчны баазад буудаллана. Тагийн нуруугаар даван Хунт нуур, Улаагчны гол уруудан Хар нуур жуулчны баазад ирнэ. Мөн Гол мод, Тээлийн гол уруудан Хар нуурын байгалийн цогцолборт газартай танилцана. Хар нуураас Сэнжит цохио, Их бага Хатавчны ам, Мухартын голыг үзнэ. Мухартаас Сээрийн дөрөлжөөр давж алдарт Донойн хөндий, Яруугийн хүрээний туурь үзээд Улиастайд ирнэ. Энэ маршрутын нийт туулах зам нь 660 км байгаа. Энэ мэтчлэн дөрвөн чиглэлд өөр өөрийн сонин тогтоцтой газар нутгийг хамруулсан маршрутыг гаргасан байгаа. Аялагчид дунджаар 70 орчим км аялаад жуулчны баазуудад буудаллах боломжтой байгаа.

-Танай холбооноос олон талын арга хэмжээг зохион явуулдаг. Үүний нэг нь аймгийн төвийн ойролцоох ууланд авирч аялах гэх мэт дотоодын аяллын талаар яривал?  

-Тиймээ манайх анх 2015 оны 01 сарын 01-нд Товцог хайрханы орой дээрээс шинэ оны анхны нар харах ёслолын үйл ажиллагааг явуулж эхэлснээр аймгийн төвийн ойролцоох өндөр хайрхануудад амралтын өдрөөр иргэдийг нэгдсэн зохион байгуулалттайгаар авирах үйл ажиллагааг явуулж байна. Энэ арга хэмжээ маань гурав дахь жилдээ амжилттай зохиогдож байна. Энэ ажил нь амралтын өдрөөр иргэдийн бие бялдрыг сайжруулах идэвхитэй хөдөлгөөн хийлгэх, байгалийн сайхан эрүүл агаарт гэр бүл найз нөхөд ажлын хамт олноороо үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилготой. Мөн иргэд маань аймгийнхаа уул, нуруу байгалийн өвөрмөц тогтоцтой газар нутгийн талаарх мэдлэгтэй болж байна. Өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор гурван жилийн хугацаанд 5300 орчим хүн энэ үйл ажиллагаанд оролцсон байна. Мөн аймгийн ЕБС-иудын дунд Завхан нутгийнхаа байгалийн үзэсгэлэнт газруудыг танин мэдэх аялал жуулчлалыг хөгжүүлэх, хүүхдийн сэтгэлээр Завхан нутгийн байгалийн үзэсгэлэн яаж харагдаж байгааг гаргах үүднээс “Завхан нутгаар аялахуй” нэртэй гар зургийн уралдааныг жил бүр явуулж дүгнэж урамшуулдаг.  Энэ ажил маань маш амжилттай болдог. Сүүлийн гурван жилийн байдлаар ЕБС-ийн таваас 11-р ангийн 3800 орчим хүүхдүүд аймгийнхаа  үзэсгэлэнт газар нутагтай танилцах аялалд хамрагджээ. Гар зургийн уралдаанд ирүүлсэн 600 орчим хүүхдийн бүтээлийн үзэсгэлэн гарч манай архивт хадгалагдаж байна. Мөн явган болон морь тэмээгээр дотооддоо 3100 орчим хүн аялсан байна. Эдгээр холбооноос зохион байгуулж буй аялалуудад манай хөтөч газрын зургийг түлхүү ашигласан. Энэ нь нөгөө талаараа эдгээр маршрутыг гол болгож дотоодын аялагчдын тоог нэмэх бодлого юм. Цаашид манай холбооноос гаргасан хөтөч газрын зургаар гадаадын аялагчдыг ч татан оролцуулах боломж бий юм.

-Аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулахад тулгарч буй бэрхшээл болон ололт амжилттай зүйл юу байна?

-Аялал жуулчлалыг тогтвортойгоор хөгжүүлэхэд нэгдүгээрт, ард иргэд маань аялал жуулчлалын талаар ойлголт бага, хоёрдугаарт төр засаг маань бидэнтэй нарийн хамтын ажиллагаа байхгүй болохоор хувийн хэвшлийн хэдэн компани нийлж ТББ байгуулж ажиллаж байгаа нь бэрхшээлтэй байдаг.  Өөрөөр хэлбэл төр хувийн хэвшлийн хоорондын харилцаа дутмаг байгаа нь аялал жуулчлал цаашид хөгжихөд саад болоод байгаа юм болов уу. Бид хэд хэдэн дарга удирдлагуудтай уулзсаны хүчинд бидний ажлыг орон нутгийн удирдлагуудын зүгээс ойлгодог болж байгаа.

Аялал жуулчлал хөгжсөн газруудад бол аялал жуулчлал гэж ганцхан амралтын газраар төсөөлдөггүй юм. Аялал жуулчлалд гар урлалын бүтээгдэхүүн хийдэг иргэн, хөдөө малаа маллаж буй малчин ч оролцоно.  Ер нь аялал жуулчлал хөгжсөнөөр бүх иргэн л хувь хишгийг нь хүртэх боломжтой. Ер нь ард иргэддээ уриалахад аялал жуулчлалын чиглэлээр аймгийнхаа онцлогийг харуулсан гар урлалын зүйл сувинер байхад аялал жуулчлалыг дагасан бас нэг гарц, боломж байгаа гэдгийг хэлмээр байна. Аливаа юм жижигдэнэ гэж байдаггүй. Орон нутгийнхаа онцлогийг тусгасан ганц ширхэг түлхүүрийн оосор байсан ч жуулчдад сонирхолтой байдаг.

-Манай аймгийн хувьд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд  бусад аймгуудаас ялгарах онцлог, давуу тал нь чухам юу юм бол?

-Бусад аймгуудыг бодвол манай аймаг аялал жуулчлал хөгжүүлэхэд хамгийн нээлттэй болоод өгөөжтэй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл говь, хангай, нуур, ой мод, ан амьтдаар баялаг учраас ялгарах давуу тал болж байдаг. Жишээ нь Хөвсгөл аймаг л гэхэд Хөвсгөл далай, Өмнөговь аймаг Ёлын амыг түшиглэн аялал жуулчлал хөгжиж байгаа.  Манай аймагт аялагчид ирснээр говь, хангай, нуур, ой мод, ан амьтдыг нэг дор цогцоор нь үзэх боломжтой. Мөн байгалийн маш өвөрмөц тогтоцтой бас их давуу онцлогтой. Монгол Улсыг байтугай дэлхийг даах Отгонтэнгэр хайрхан гэж сайхан хайрхан байгаа учраас энийг түшиглэн цаашид аялал жуулчлалаа хөгжүүлэх боломж бас бий. 

Хамгийн гол нь адал явдалт, хээрийн явган аялал, морь, тэмээн аялалыг хөгжүүлээд ирэх юм бол хөдөө малаа маллаж байгаа айл морь, тэмээгээ аялагчдад унуулж дээрээс нь өөрсдийн хийсэн цагаан идээгээ борлуулан үр шимийг нь хүртчихнэ.  Манай аймгийн хувьд аялал жуулчлал руу зоригтойгоор орох иргэд, компаниудын оролцоо дутмаг байна. Аялал жуулчлал хөгжөөгүй учраас хөрөнгө оруулахыг зориглохгүй байна. Бидний зүгээс Завхан аймагтаа аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор хөрөнгө оруулагчдыг хайж төсөл хөтөлбөрүүдийг хийж байна. Бидэнтэй хамтран ажиллах хувь хүн, төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуй нэгжүүд байвал аймгийнхаа аялал жуулчлалын чиглэлийг тогтвортой хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулаач гэж энэ дашрамд уриалмаар байна.

Б.Мягмарсүрэн

Related news