Өвлийн спортын олон төрлийг багтаасан "Цас мөсний баяр" болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-01-10 20:08:54

Хэнтий аймгийн Биндэр суманд жил бүр зохион байгуулагддаг "Цас мөсний баяр"-ын арга хэмжээ хүрээгээ тэлж, энэ жил Зүүн бүсийн аварга шалгаруулах гүйлтийн цанын тэмцээн, “Чингис хааны цом”-ын төлөөх цана, тэшүүрийн анхдугаар тэмцээн, өвлийн сурын харваа, аймгийн аварга шалгаруулах мөсний шагайн тэмцээнүүд тус тус явагдлаа.

Тэмцээнийг Биндэр сумын Засаг даргын Тамгын газар, Хилийн 0287 дугаар анги, "Хязгааргүй” өвлийн спортын клуб болон Монголын цанын холбоо хамтран өвлийн спортын олон төрлүүдийг багтаасан өргөн цар хүрээтэй зохион байгуулсанаараа онцлог юм.

Уг арга хэмжээнд Хэнтий аймгийн сумдаас гадна Улаанбаатар, Төв, Дорнод, Орхон, Дархан-Уул аймгаас тамирчид ирж оролцжээ. Тэр дундаа цана, тэшүүрийн “Чингис хааны цом”-ын аварга шалгаруулах тэмцээнд Үндэсний шигшээ багийн шилдэг тамирчид болон Монголын цанын холбоо, Тэшүүрийн ахмад мастеруудын холбоо, ОУХМастерууд ирж оролцсон аж. Түүнчлэн алс хол Швейцарь, Норвеги улсаас цанын ахмад тамирчин хүрэлцэн ирж, баг тамирчдад спортын өндөр амжилтыг хүсэв.

 Цасны мөсний баярын арга хэмжээг Хангай ХХК 3 сая төгрөг, Сайн залуус ХХК 2 сая төгрөг, "Хязгааргүй" өвлийн спортын клубын тэргүүн С.Батсайхан 1 сая төгрөг, сумын ААН байгууллагууд хамтран 10-аад сая төгрөгийн хандив өгч дэмжсэн байна.

Цанын тэмцээнд 8-74 насны 141 тамирчин, тэшүүрийн тэмцээнд 8-61 насны 112 тамирчид оролцсоны дотор "Чингис хааны цом" цанын нээлттэй тэмцээнд Хэнтий аймгийн Биндэр сумын ахмад настан Д.Цогзол /багш 74 настай/ оролцож, замаа дуусган 3-р байрт шалгаран хүрэл медаль хүртжээ. Мөн энэ үеэр Биндэр сумын иргэн Г.Загдаа Хөнгөн атлетикийн ОУ-ын хэмжээний мастер цол, Ц.Мөнхбаяр тэшүүрийн спортын мастер цол, Ц.Азжаргал Мөсний шагайн аймгийн мэргэн цол тус тус хүртэж, нутгийн түмнээ баярлуулсан юм.

Д.Одонтунгалаг

 

Related news