Баргилтын уурхай 2017 онд хүдэр олборлолтоо 2.0 сая тн-д хүргэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ“Бор-Өндөр” Уулын Баяжуулах үйлдвэр нь Баргилтын төмрийн хүдрийн уурхайгаа 2015 оноос өөрийн хүчээр ашиглах зорилт тавин, 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.
Үүнд ил уурхайн өндөр хүчин чадлын гидроэкскаватор 1, 50тн даацтай автосамосвал 9, зам арчилгааны автогрейдер 1, өрмийн машин 3-ыг тус тус худалдан авч техникийн хүчин чадлаа нэмэгдүүлсэн байна. Ингэснээр Баргилтын уурхай 2016 онд туслан гүйцэтгэгч компанийн оролцоогүй ажиллаж, 600.0 гаруй мян.м3 хөрс хуулж, 1.0 сая орчим тонн хүдэр олборлосон төдийгүй 2017 онд хүдэр олборлолтын хэмжээг 2.0 сая тонн хүргэх боломжтой болоод байна.
Тус уурхайг 2011 оноос ашиглаж эхэлсэн бөгөөд өөрсдийн техникийн хүчин чадал хүрэлцдэггүй учир хөрс хуулалт, хүдэр олборлолтын ажлын дийлэнх хувийг туслан гүйцэтгэгч компаниудаар гүйцэтгүүлж ирсэн юм.
Бор-Өндөрийн УБҮ нь хайлуур жоншны ордын геологи, хайгуулын ажлыг эхлүүлснээс хойш 38 жил, Далд уурхайг нээснээс хойш 33 жил, Баяжуулах үйлдвэрээ анх залгаснаас хойш 31 жилийг ардаа орхиж, тус үйлдвэрийн 1212 ажилчин, албан хаагчид шинэ зууны 2017 оны ажлаа амжилт бүтээлээр дүүрэн эхлүүлж байна.
Д.Одонтунгалаг